Залуучуудын Хакатон – Агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлийг бодит болгоно
Нийтэлсэн 2021 оны 6-р сарын 26 Унших цаг 4 минутPress Release
Монгол Улс даяар 100 гаруй залуу шинийг санаачлагчид нэгэн зорилгын төлөө нэгдэн онлайн UNLEASH Хакатонд 2021 оны 06-р сарын 26-ны өдөр оролцох гэж байна.
Энэхүү онлайн хөтөлбөр нь эрүүл, саруул ирээдүйн төлөө агаарын бохирдлыг бууруулахад чиглэх ба тогтвортой дижитал шийдлийг бий болгоход зорьж байна. Хакатоны үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, олон нийтийн манлайлагчид, бизнес эрхлэгчдээс агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар харилцан суралцах боломжтой юм.
“Бид эх дэлхийгээ илүү тогтвортой, илүү дээрдүүлэхийн тулд дараагийн хойч үеийн санаа бодлыг төлөвшүүлэх, ердийн шийдлүүдээс илүү шинэ санаачилгыг дэмжих шаардлагатай байна. UNLEASH бол үүний төлөөх төгс платформ бөгөөд бид UNLEASH Hacks-ийг Монголд анх удаа авчирсандаа баяртай байна” гэж UNLEASH Hacks Mongolia-ийн багийн ахлагч Халиунаа хэллээ.
"Монгол залуучуудад гэртээ, сургууль, хамт олон, амьдарч буй орчин, ахуйдаа, өөрсдийн хотдоо агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг санаачилж, мөн тэдгээр санаагаа хөгжүүлж, томьёолох боломжийг олгож буй энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг болсондоо бид баяртай байна" гэж Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал Билгүүн Ариунсан онцолов.
НҮБ-ын Инновацын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сан, Пипл ин Нийд ОУТББ нь UNLEASH Hacks Mongolia 2021-ийг дэмжиж ажиллах юм.
UNLEASH нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт (ТХЗ)-ын шинэлэг шийдлийг боловсруулах залуу манлайлагч, мэргэжилтэн болон бизнес эрхлэгчдийг нэгтгэх зорилготой дэлхийн хэмжээний санаачилгуудын нэг юм. Энэхүү санаачилга нь дэлхийн өнцөг булан бүрээс 1000 залуусыг инновацийн лабораторидоо жил бүр урьж авчран, орон нутгийн түвшинд хак тэмцээнүүдийг зохион байгуулж, тэдний чадавхыг бэхжүүлэх, гаргасан шийдлийг нь хэрэгжүүлэхэд тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн. UNLEASH нь дэлхийн хамгийн нөлөө бүхий тогтвортой байдлын брэндүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 160 орны 4000 авьяастнуудыг холбож, 300 гаруй түншүүдтэй 600 ТХЗ-ын шийдлийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна. 2017 оноос хойш UNLEASH нь Дани, Сингапур, Хятадад гурван удаа Инновацийн лабораторийг ажиллуулжээ.
Энэ хүрээнд "НҮБ-ын Хүүхдийн сан нь агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын чадварыг "нээх"-ээр үүрэг хүлээн ажиллаж байгаадаа баяртай байна. Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хангаж ажиллахаар бид зорьж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Агаарын бохирдол ба орчны хөтөлбөрийн менежер Содномцэрэнгийн Алтанцэцэг хуваалцлаа.
Хөтөлбөрийн санхүүжүүлэгчдээр НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан "Агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө" хөтөлбөр, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй " All for Youth, Youth for All " төсөл болон Пипл ин Нийд ОУБ хамтран ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллага дахь Инновацийн сан болон Сент-Луис дахь Вашингтоны их сургууль, Канадын Ватерлоогийн их сургуулийн мэргэжилтнүүд техникийн туслалцаа үзүүлж байна. Эдгээр мэргэжилтнүүд UNLEASH Hacks-ийн үеэр Монголын залуу шинийг санаачлагчдад зөвлөгөө өгөх, чиглүүлэхэд цаг хугацаа, ур чадвараа зориулах болно.
“Агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлыг ганц байгууллага, хувь хүн хийх боломжгүй. Бид бүгдээрээ нэг агаараар амьсгалдаг тул засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, шинийг санаачлагчид, залуучууд бүгдээрээ агаарын бохирдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгт би бүрэн итгэдэг.” хэмээн Пипл ин Нийд ОУБ-ын Суурин Төлөөлөгч Тим Женкинс хэллээ.
Хакатоны дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/events/948303849254433
НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.unicef.mn хаягаас авна уу.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн сошиал платформуудыг дагаарай. Facebook, Twitter, YouTube
ПИН ОУБ-ын тухай
Пипл ин Нийд нь Монгол Улсад 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг чадавхжуулах, хүний эрх, тэгш боломжийг сайжруулахаар зорин ажиллаж байна. ПИН нь онцгой байдлын тусламж үзүүлэхээс гадна хоршоо, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих, дээд боловсролыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг www.peopleinneed.cz болон Фэйсбүүк хаяг: @PINinMongolia -аас авна уу.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Пипл Ин Нийд ОУТББ-ын Хамтын ажиллагааны менежер М. Номинтой холбогдоно уу. nomin.munkhjargal@peopleinneed.cz