Монгол Улсын хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд Европын Холбоо дэмжлэг үзүүлж байна.
Нийтэлсэн 2023 оны 8-р сарын 8 Унших цаг 2 минутУлаанбаатар хот -- "Эдийн засгийн ногоон шилжилт" төслийн хүрээнд өнөөдөр бичил, жижиг, дунд үйлдвэр (БЖДҮ), бизнесийн холбоод болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд тойрог эдийн засаг, хязгаарлагдмал нөөцийг хэрхэн зөв зохион байгуулан үр ашгийг нэмэгдүүлэх, эко шошготой болох, баталгаажуулалт авахын ач холбогдол зэргийг зааж сургах сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ.
Төслийн сургагч багш нарыг сонгон шалгаруулах арга хэмжээ тодорхой үе шаттайгаар явагдсан ба нийт 40 сургагч багш нарыг Улаанбаатар, Эрдэнэт хот болон Сэлэнгэ аймгаас хүсэлтээ ирүүлсэн 200 гаран хүнээс сонгон шалгаруулан авсан юм. Уг сургалт нь 2 удаагийн 4 өдөр үргэлжлэх ба “тойрог эдийн засгийн ерөнхий ойлголт, эко шошго-тойрог эдийн засаг, тогтвортой хөгжил, бизнес загвар ба тойрог эдийн засаг, гадаад дотоод орчны шинжилгээ зэрэг цогц мэдлэгийг авах юм.
“Хүнс, ус, ундааны үйлдвэрлэлийн салбарын байгаль орчинд учруулах нөлөө үлэмж учраас нүүрстөрөгч буюу хүлэмжийн хийн ялгарлыг багасган тус салбарыг тойрог эдийн засагт шилжүүлэх замаар ядуурлыг хурдацтай бууруулах хэрэгцээ шаардлага ихэссээр байна. Төслийн хүрээнд Европын Комиссын (European Commission) хэрэгжүүлж буй байгалийн нөөцөд хэмнэлттэй шинэлэг арга зам болох “Тариаланчаас таны ширээнд” зарчмаас БЖДҮ нар суралцан Монгол улсдаа нутагшуулах боломж бүрдээд байна. Иймд энэхүү 2 удаагийн 8 өдрийн сургагч багш бэлтгэх сургалт маань өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэж Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг онцлон дурдлаа.
Европын Холбооны SWITCH-Asia Programme хөтөлбөрийн 2,2 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид (БЖДҮ), жижиглэн худалдаа эрхлэгчдийг доорх арга замаар дэмжин ажиллаж эхлээд байна. Үүнд:
• БЖДҮ-ийн ийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хязгаарлагдмал нөөцийг зөв зохион байгуулан үр ашгийг нэмэгдүүлж тойрог эдийн засгийн сайн туршлага, практикийг дэлгэрүүлэн нэвтрүүлэхэд дэмжиж ажиллах,
• БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг эко шошготой болгон баталгаажуулах,
• Тэдэнд чиглэсэн ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
• Тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийн сайн туршлагыг хэрэглэгчдэд таниулан сурталчлах,
Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд хүнс, ус, ундаа үйлдвэрлэдэг 1,500 БЖДҮ, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн 30 холбоо болон 300 жижиглэн худалдаа эрхлэгчдтэй ажиллахыг зорьж байна.