Иргэний нийгэм ба оролцоот засаглал

Иргэний нийгэм ба оролцоот засаглал

© Foto: People in Need Mongolia

Пипл-ин-Нийд орон нутгийн оролцогчдыг чадавхжуулах амлалт үүргийнхээ хүрээнд Монгол улс дахь зорилтот бүлгүүдэд төвлөрч нийгэм, эдийн засаг, ардчиллын хөгжилд гол үүрэг гүйцэтгэхэд нь иргэний нийгэмд дэмжлэг үзүүлж ирлээ. Иргэний нийгмийн байгууллагуудад засаглал болон хөгжилд илүү үр дүнтэй оролцож чадах түвшинд техникийн ур чадвараа дээшлүүлэх, зохих горим боловсруулах боломж олгодог. Иргэдийн оролцоотой ардчиллын үйл явцыг шат ахиулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх үйлсэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, төрийн бодлого, үйлчилгээ нийгэмд хүртээмжтэй, олон улсын хүний эрх, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн байх явдлыг бататгахын тулд ижил хүйстэн, хоёр хүйстэн, трансжендер, хосолмол хүйстэн, бэлгийн дуршилгүй иргэд гэх мэт гадуурхагдсан иргэд болон залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй амьдардаг иргэд зэрэг иргэний нийгмийн төрөл бүрийн оролцогчид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах бүлгүүд болон бусад талуудыг зорилтот бүлгээр сонгон ажилладаг.

Үүний зэрэгцээ ардчилсан үйл явцад оролцох, төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, хүний эрхээ хэрэгжүүлэх зэргээр идэвхтэй байр суурьтай иргэн байх тал дээр чадавхжуулж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шударга ёсыг хөхиүлэн дэмжиж байна.

Бүтэн текст Текст багасгах

Ongoing ActivitiesэсвэлPast Activities

"Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь" төсөл

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран “Пипл ин нийд” ОУТББ болон ФАРО Фаундэйшн ТББ гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь иргэний нийгмийн байгууллагууд хүртээмжтэй цахим шилжилт, ардчилсан тогтолцоонд Монгол Улсын Засгийн газрын Цахим Үндэстэн болох зорилтод нийцүүлэн идэвх, санаачилгатай хамтран ажиллаж, бие даасан оролцогчид болоход туслах юм. Ингэхдээ төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулахаас гадна төслийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн зорилтот бүлгийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл чадавхажсан Иргэний нийгмийн байгууллагуудаар (ИНБ) дамжуулан бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, иргэн төвтэй цахим шилжилтийг дэмжиж ажиллаж байна.

DICE төслийн танилцуулга 

Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих шинэ цахим хуудас нээгдлээ

Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих шинэ цахим хуудас нээгдлээ

УЛААНБААТАР, Монгол Улс – Иргэний нийгмийн байгууллагууд Монголын ардчиллын үндэс суурийг бүрдүүлдэг. 1990 онд тайван замаар хувьсгал хийснээс хойш иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) эдийн засаг болон ардчиллын шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Гэсэн хэдий ч олон улсын санхүүжилт олох, дэлхий нийтийн туршлагаас суралцах нь ИНБ-уудын хувьд сорилт байсаар байна. Илүү хариуцлагатай засаглал, илүү чөлөөт нийгмийг бий болгоход ИНБ-ууд онцгой үүрэгтэй бөгөөд үүний тулд санхүүжилтийн хангалттай эх үүсвэртэй байх шаардлагатай. Тус салбарын ирээдүй нь төрийн тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн оролцогчдыг дэмжих явдал боловч нь сул байсаар байна.

ИНБ-уудыг дэмжих зорилгоор Пипл ин Нийд (ПИН) байгууллага нь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр "Өнөөгийн Иргэний Нийгэм" (Civil Society Now) нэртэй шинэ платформыг нээж байна.

“Монголын ИНБ-ууд өөрсдөө төслийн саналаа боловсруулж, олон улсын хандивлагчдад илгээн санхүүжилт авах чадавхыг нь сайжруулахыг бид зорин ажиллаж байна. ПИН нь Чех улсын иргэний нийгмийн жижиг байгууллага байсан бөгөөд улмаар дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, хандивлагчдын итгэмжлэгдсэн түнш болон үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсэн юм. Энэхүү хөгжил дэвшилд хүрэхэд өөрийн байгууллагын хөгжлийн шинэхэн түүхэнд тулгуурлан жижиг байгууллагуудын хэрэгцээ, тэдэнд шаардлагатай стандартыг бий болгох арга замыг мэддэг, ойлгодог, туршлагатай болсон гэсэн үг юм." гэж тус байгууллагын Олон улсын техникийн хэлтсийн дарга Камила Гарбутт хэллээ.

ПИН нь өөрийн дотоод санхүүжилт, хариуцлага, хандивлагчдын шаарддаг мөрийн хөтөлбөр болон удирдлагын тогтолцоогоо ил тод болгож, Монголын ИНБ-ууд бие даан олон улсын хандивлагчдаас санхүүжилт татах, төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бүрдүүлэхэд нь туслах юм. Тус платформ нь Монгол Улсын хөгжил, дотоодын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Гишүүддээ үзүүлэх үйлчилгээнд нь дотоод удирдамжийн жишиг загвар баримт бичгүүд, тухайн үеийн хэрэгцээт сэдвүүдээр зохиогдох уулзалтууд, зөвлөх үйлчилгээ багтах юм.

“Эрх мэдэлтэй, чадварлаг иргэний нийгэм бол Монголын ардчилсан тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд баялаг нь юм. ИНБ-ууд олон ургалч үзлийг илэрхийлж, илүү үр дүнтэй бодлого, тэгш, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтөд хувь нэмрээ оруулж чадна. Монголын Иргэний Нийгмийн Байгууллагуудтай хамтран ажиллах Европын Холбооны хүрээ нь Монгол Улсад засаглал, ардчиллыг бэхжүүлэхийг зорьдог Иргэний нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулахад бусдад урам зориг өгч байгааг харахад үнэхээр сайхан байна.” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн, эрхэмсэг хатагтай Аксел Никаиз мэдэгдлээ.

* * * 
Пипл Ин Нийд (ПИН)-ийн тухай: ПИН-ийн гүйцэтгэх захирал ба үүсгэн байгуулагчдын нэг Шимон Панек нь Чех улсад 1989 онд өрнөсөн хилэн хувьсгалын оюутны идэвхтнүүдийн нэг юм. ПИН нь Ардчиллын төлөөх Европын түншлэлийн идэвхтэй гишүүн, иргэний нийгмийн хөгжлийн асуудлаарх Европын комиссын үндсэн түнш юм. Монгол Улсад ПИН нь орон нутгийн засаг захиргаа, ИНБ-ын чадавхийг бэхжүүлэх, хүний эрхийг дэмжих, олон нийтийг Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Засгийн газрын “Алсын хараа 2050”-д хүрэхийн тулд нийгмийг өөрчлөлт болон тэгш боломжийн хөдөлгөгч хүч болгон чадавхижуулахыг эрмэлздэг юм. Монгол дах ПИН байгууллага болон түүний ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.mongolia.peopleinneed.net/en/

Холбоо барих:  Хөтөлбөр болон хэвлэл мэдээллийн асуудлаар Мэдээлэл Харилцааны мэргэжилтэн П. Тинатай холбоо барина уу: tina.puntsag@peopleinneed.net / утас: +70111501
 
 
Эрчүүд, хөвгүүдийн оролцоог сайжруулах замаар эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь

Эрчүүд, хөвгүүдийн оролцоог сайжруулах замаар эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь

Монгол улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн томоохон асуудал бөгөөд үндэсний хэмжээнд анхаарал хандуулдаг. НҮБ-ын Хүн амын сан / Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа бие махбодийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд найман хүн амь насаа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэний 89% нь эмэгтэйчүүд, 7.7% нь хүүхдүүд гэж бүртгэгджээ. Мөн дээрх судалгаагаар 10 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд насандаа буюу 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ. КОВИД 19 цар тахлын хөл хорионы улмаас гэр бүл дэх хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй уур амьсгал өсч байлаа.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч байгааг  зогсоохоор ПИН, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфемнет, Эрчүүд, эрүүл мэнд гэр бүл ТББ хамтран "Цагаан тууз" аяныг хэрэгжүүлж байна. Энэхүү кампанит ажлын зорилго нь эрчүүдийг уриалан дуудаж, хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох явдал юм. УИХ энэ асуудлаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход эрчүүд, хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа гэж Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар мэдэгдээд байна.
Мал сүрэг ба зэрлэг амьтадын харилцан үйлчлэлийг судлах төсөл

Мал сүрэг ба зэрлэг амьтадын харилцан үйлчлэлийг судлах төсөл

Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу орж байгаа хичээлийн агуулгад хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн хамгааллыг уялдуулах талаар хичээлүүд орууллаа. Төслийн хүрээнд 40 гаруй оюутнууд оролцсон 2 удаагийн зуны сургалт зохион байгуулсан нь багш нарт тухайн сэдвийг судлах шинэ сэдлийг төрүүлэн, хээрийн сургалтаар онол практикийг хослуулах сургалтын үр дүнг нэмэгдүүлж байна.
ХААИС, МУИС, МУБИС зэрэг улсын их сургуулиудаас гадна ШУА-ын багш, мэргэжилтнүүд байгаль хамгаалал болон бусад чиглэлээр БНЧех улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллах ямар хэрэгцээ шаардлага, боломж бололцоо байгааг тодорхойлж эдгээрээс нэн тэргүүнд хэрэгжүүлж болох төслийн саналыг боловсруулан хандивлагч байгууллагуудад хандаад байна.
Зуны сургалтад хэрэглэгдсэн лабораторийн хэрэгслүүд, дуран, автомат камер, фото зургийн аппарат, зай хэмжигч, таблет, зөөврийн компьютер, шувуу болон жижиг мэрэгч амьтан баригчдийг харилцагч талуудад хүлээлгэн өглөө.
 
Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа (ЧИ-ТА) төсөл

Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа (ЧИ-ТА) төсөл

ПИН болон дотоодын гурван ТББ нь Архангай, Өвөрхангай аймгуудад Европын холбооны санхүүжилттэй энэхүү төслийг (EP-IL буюу ЧИ-ТА нэрээр илүү сайн мэддэг) хэрэгжүүлсэн нь хоршоод, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, хөгжлийг нь дэмжих замаар бүтээмж, орлого ашгийг нь нэмэгдүүлэх, техникийн нөөцтэй болгох, зах зээлд гаргах, санхүүжилтийн эх үүсвэрт (жишээлбэл, Сум хөгжүүлэх сан) холбох зорилготойгоос гадна засаглалыг сайжруулах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид болон орон нутгийн эрх баригчдын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн.

Монголын хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн дийлэнхийн орлогын гол эх үүсвэр нь мал аж ахуй байсаар байна. Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид нь төсөл төлөвлөх, хүний нөөц, зах зээлийн багтаамж, санхүүжилтийн эх үүсвэрүүдээ олж авах зэрэг талууд дээр мэдээлэл, туршлага, ур чадвар дутмаг байлаа. Тэдэнд нэмэлт орлого олох шинэ бизнес үйл ажиллагаа бий болгож  амьжиргаагаа дээшлүүлэх боломж хомс байв. Тухайн үед Монгол Улсын төв засгийн газар хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд бизнес санаагаа хэрэгжүүлэх, бодитой болгоход нь туслах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох тусгай сан байгуулсан ч энэ сангаас зээл авах нь ихээхэн төвөгтэй, хэрхэн ажилладаг нь тодорхойгүй, зээлэнд яаж хамрагдах талаар хангалттай, чанартай мэдээлэл хомс байлаа. Энэ бүхнийг ажигласнаар ПИН нь 2016 онд Европын Холбоонд EPIL төслийг санал болгоод хэрэгжүүлж эхлэв.
Төслийн баг зорьсон үр дүндээ хүрэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм:
  • Зээлийн сангуудын талаархи мэдээллийг бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд, хоршоодод түгээж, сайн засаглалын практик туршлагыг орон нутгийн албан тушаалтнуудад танилцуулав.
  • Хувийн хэвшлүүдэд өөрийн арга барилаа олох, маркетинг, санхүүгийн менежментээ зөв хийх, зээл авах, шинэлэг санаа олох зэрэг бизнесийн ур чадварын сургалтад хамруулав.
  • Бүс нутаг, аймаг, сумдын хувийн хэвшлүүдийг  хооронд нь танилцуулж, холбоо тогтоов. Мэдлэг, шилдэг туршлагыг сурталчлан түгээх ажлыг зохион байгуулав.
Монгол улсын ШУТИС-ийн сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл

Монгол улсын ШУТИС-ийн сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл

Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй энэ төслийг Прага дахь Чехийн Техникийн Их Сургууль (ČVUT) ба ШУТИС хоорондын  хамтын ажиллагааг тэлж, багш нар нь мэдлэг туршлагаа харилцан солилцох, улмаар барилгын салбарын боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор ПИН 2016- 2017 онд хэрэгжүүлсэн.
Уг төслийн хүрээнд Чехийн Техникийн Их сургуулийн Барилгын инженерийн болон архитектурын факультетийн багш нар ирж семинар, зуны сургалтууд хийснээс гадна бакалавр, магистрын оюутнуудад зөвлөгөө өгч байлаа. Чехийн багш нар Монгол улсад ирж оюутнуудад шууд хичээл заахад нь Монгол талаас ШУТИС-ийн БАС-ийн багш нар байлцах, орчуулах байдлаар мэргэжлийн хичээл заах ур чадвар, агуулгаа сайжруулж байснаас гадна төслөөс барилга, архитектурын сургуулийн материаллаг тоног төхөөрөмж, програм хангамжид дэмжлэг үзүүлэн сургалтын чанараа сайжруулахад нь хандив үзүүллээ.
Явуулын эрүүл мэндийн үйлчилгээ

Явуулын эрүүл мэндийн үйлчилгээ

Урьд амжилттай хэрэгжүүлж байсан "Явуулын эмнэлэг" төслийн туршлага дээрээ үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ), Эрүүл мэнд, спортын яам, аймгуудын эрүүл мэндийн газруудад өгсөн чиг үүргийг биелүүлэхэд нь бид анхан шатны үнэлгээ, боловсруулалт хийхэд техникийн туслалцаа үзүүлсэнээс гадна гарын авлага гаргаж сургалт, семинар бэлтгэн зохион байгуулж үндэсний түвшинд сурталчлах ажлыг хийлээ. Арга зүй, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулснаар бид алслагдсан хөдөө орон нутгийн хүн амд илүү хүртээмжтэй эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм.
Нэг сургууль-Нэг дэлхий төсөл

Нэг сургууль-Нэг дэлхий төсөл

Монгол Улсын нийгмийн өнөөгийн байдал нь гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, дотооддоо болон гадаадад бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл өндөр түвшинд байгаагаараа онцлог юм. Энэ болон бусад тулгамдсан асуудлууд нь улсын болон хувийн дунд сургуулийн сурагчид, тэдгээрийн багш нарт зориулсан баримтат кино ашиглах сургалтын хөтөлбөрийн гол агуулга юм. Үүний зорилго нь хүний эрхийн асуудлаар залуучуудын мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудыг DVD, гарын авлага, ажлын хуудсаар хангасан. Багш нар хүний эрхийн сургалт хийх арга зүйн болон бодит мэдлэгээ дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдаж байлаа. Сурагчид сонгосон баримтат киног үзээд хэлэлцүүлэг зэрэг дараагийн үйл ажиллагаанд оролцдог. 2012 онд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн 20 сургуулийн 1500 сурагч, 50 багш энэ хөтөлбөрт оролцсон.

2013 онд багш нарт зориулсан баримтат кино, дидактикийн нэмэлт материал бүхий тусгай боловсролын багцыг гаргаж Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн 23 сургуулийн 52 багшид хүлээлгэн өгсөнөөс гадна баримтат киног ашиглах болон удирдан чиглүүлэх арга зүйн сургалтанд хамрууллаа. 2013 онд хүний эрхийн талаар баримтат кинонуудыг 8000 орчим сурагчдад үзүүлсэн байна. Шинээр кино клубууд нээгдэж анхны үзвэрт нь нийт 520 гаруй сурагч оролцов.

2014 онд "Нэг сургууль- Нэг дэлхий" хөтөлбөрт Архангай, Өвөрхангай, Төв, Говь-Сүмбэр аймгууд, Улаанбаатар хот хамрагдаж хичээлийн жилийн хугацаанд 20 дунд сургуулийн 14-19 насны сурагчид оролцлоо.

Чех, Ливан, Армян, Гүрж болон бусад улсын сургуулиудад хэрэгжсэн "Нэг сургууль- Нэг дэлхий" хөтөлбөрийн арвин туршлагаас харахад хүний эрхийн сэдвийг сургуулийн хөтөлбөрт оруулах нь урт хугацаандаа иргэний нийгмийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоог сайжруулна гэж ПИН найдаж байна.
Явуулын эмнэлэг төсөл

Явуулын эмнэлэг төсөл

Хэдийгээр аймаг сумын төвүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ байдаг боловч алслагдсан орон нутагт амьдардаг хүмүүс нарийн мэргэжлийн эмч нар, орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээ авах боломжгүй байдаг. ПИН-ийн эрүүл мэндийн хөтөлбөр нь хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Монгол улсын баруун ба өмнөд хэсгийн зургаан аймгийн малчдад жилийн турш эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
ХАА болон ХАА-н боловсруулах салбарын мэргэжлийг хөгжүүлэх нь төсөл

ХАА болон ХАА-н боловсруулах салбарын мэргэжлийг хөгжүүлэх нь төсөл

Монгол  улсын Төв, Дархан, Сэлэнгэ аймгууд ажилгүйдлийн түвшин өндөртэй ч МСҮТ-үүд нь  хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээг хангах чадварлаг ажилтан бэлтгэж гаргахгүй байлаа. Тухайн бүс нутагт нэн шаардлагатай  мэргэжлээр ж: ойн үржүүлэг, менежмент, мод боловсруулалт, ХАА-н тоног төхөөрөмжийн оператороор сургадаггүй, бусад хичээлийн хавсралтаар ордог ч тоног төхөөрөмжүүд нь хэт хуучирсан, ажиллагаагүй зэрэг асуудалтай байснаас чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжгүй байлаа.

ПИН энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудад дэмжлэг үзүүлж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий орчин бий болгоход санхүүгийн болон мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлж дэмжлээ. Шинэ сургалтын чиглэл нь ихэвчлэн ойн аж ахуй, мод боловсруулах, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн механикжуулалт, хоол бэлтгэл зэргийг хамарч хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг тусгасанаараа шинэлэг байв.

2012-2014 онуудад эдгээр 3 аймгийн МСҮТ-үүдэд чадварлаг ажилтан сургах зорилгоор шинэлэг тоног төхөөрөмжүүд бүхий анги тохижуулж өгсөнөөс гадна багш нарыг нь заах арга зүйгээр хангалаа.