Үйл ажиллагаа
Малчдын хувьд хамгийн өндөр эрсдэл бол хатуу бэрх өвлийн улирал билээ. Иймд Пипл ин Нийд цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтуудаар дамжуулан малчдын зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. ПИН байгаль орчинд ээлтэй, органик материал буюу хонины ноосыг боловсруулан барилгын салбарт тогтвортой дулаан хадгалалтын нэг хэлбэр болгох арга туршлагыг дэмжиж туршлага бий болгосон. Үүнээс гадна агаарын бохирдлын үр нөлөөг олон нийтэд таниулах, хүрээлэн буй орчинд учрах үр дагаврыг бууруулах “ногоон барилга” ын ач тусыг сурталчлах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Монгол улсад өмнө нь 10 жил тутамд зуны улирал нь өвс ногоо муу гантай жил болж өвлийн улиралд зудын гамшиг тохиодог байсан. Гэвч дэлхийн дулаарал ба цаг агаарын өөрчлөлтийн улмаас 1990 оноос хойш зудын давтамж ойртож, малчид олон зуун малаа алдаж, амьдралын баталгаагүй болох эрсдэл жил бүр нэмэгдсээр байна. Монгол улсын засгийн газар энэ төрлийн гамшигт өртсөн бүх малчдад тусламж хүргэх бололцоогүй, мөн малаа алдсан малчдад амьжиргаагаа залгуулах өөр эх үүсвэр хомс байдаг. Иймд ПИН нь гэнэтийн зудын үед малчдад онцгой байдлын тусламж үзүүлж, эмзэг бүлгийн малчдад малын тэжээл, өдөр тутмын амьдралаа залгуулахад нь туслах бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна.
Монголын алслагдмал бүсэд амьдардаг малчид анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд олон зуун километр явах шаардлагатай болдог. Тухайн бүсүүдэд нийгмийн үйлчилгээ буюу түргэн тусламж, мэргэжлийн үзлэг, оношлогоо, эрүүл мэндийн үйлчилгээ огт байдаггүй байв. Иймд ПИН орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр машин тоноглож, тэдгээрийг хэрхэн ашиглаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга зүйг эмч, сувилагч нарт хүргэсэн. Гурван жилийн турш бид Монголын нийт 6 аймагт хөдөлгөөнт түргэн тусламжийн тэрэг ажиллуулж, олон зуун хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Мөн бид Каритас Чех байгууллагатай хамтран эрүүл мэндийн дэд системийг чадавхижуулах зорилгоор Аймгийн эрүүл мэндийн газруудад “Хөдөлгөөнт эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх тухай арга зүйн удирдамж”-ийг боловсруулж, Хөдөлгөөнт эрүүл мэндийн үйлчилгээний зааврыг Үндэсний Бодлогын Хороотой хамтран хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.
ПИН-ны үндсэн зорилгуудын нэг нь Боловсролын тогтолцоог чадавхижуулах юм. Өнгөрсөн хугацаанд зөгий үржүүлэг, гахайн ферм, цэцэрлэгжүүлэлт, амьтан үржүүлэг, ноос боловсруулах зэрэг олон чиглэлийн богино хугацааны мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулсан. Их дээд сургуулийн багш нартай хамтран 2012-2015 оны хооронд хүний эрх, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх зэрэг сэдвүүдээр сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж мэдлэг хандлагыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн 2016-2018 он хүртэл дээд боловсролын чанар ба ач холбогдлыг дээшлүүлэх зорилгоор томоохон хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ.