Алслагдсан аймгуудын малчин өрх, хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг “Reach” хөтөлбөрөөр дамжуулан хүргэнэ
Нийтэлсэн 2024 оны 5-р сарын 17 Унших цаг 2 минутАлслагдсан аймгуудын малчин өрх, хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг “Reach” хөтөлбөрөөр дамжуулан хүргэнэ
Хэвлэлийн мэдээ
Алслагдсан аймгуудын малчин өрх, хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг “Reach” хөтөлбөрөөр дамжуулан хүргэнэ
Улаанбаатар хот - Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын элчин сайд Хэльмут Кулитц Пипл ин Нийд олон улсын төрийн бус байгууллагын Суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг нар өнөөдөр хамтарсан санхүүжилтээр “REACH” хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь зудад нэрвэгдсэн алслагдсан аймгийн малчин өрхүүд болон тэдгээрийн хүүхдүүдэд зориулан хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангах гол зорилготой юм.
Төслийн хүрээнд хоёр аймгийн 270 малчин өрх болон 18 сумын сургуулийн дотуур байранд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийж, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлагуудад эрсдэлийг бууруулах зөвлөгөө өгөх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг гүйцэтгэнэ. Мөн 270 өрхийн 540 хүүхэд, 18 сургуулийн дотуур байранд амьдарч буй 2,855 хүүхэд, нийт 3,400 хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн болон амин дэмийн багц түгээнэ. Түүнчлэн, 270 өрхөд хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг нь хангахад чиглэсэн бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ.
“Монгол Улсаас зудын нөлөөллийг бууруулах уриалгын дагуу ихээхэн хохирол амссан малчин өрхүүд, тэдний хүүхдүүдэд зориулсан нийгмийн хамгаалал, боловсрол, шим тэжээл, эрүүл мэндийн нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр зорьж байгаа” гэж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц онцлон дурдлаа.
“Манай байгууллагаас Монголд хэрэгжүүлсэн анхны санаачилгын нэг бол 2009-2010 оны зудын үеэр малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх явдал байсан" гэж Пийпл ин Нийд ОУТББ-ын Суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг хэллээ. "Бид энэ удаад зөвхөн малчин өрхөд төдийгүй, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн дэмжлэгийг хамтран хэрэгжүүлж байна."
Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо, Алтай, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Баяннуур, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дөргөн, Дарви, Цэцэг гэсэн нийт 18 суманд энэ төсөл хэрэгжинэ.
Энэхүү төслийн хүрээнд хийх үйл ажиллагаанууд нь орон нутгийн бодит хэрэгцээнд үндэслэн хамтран боловсруулсан бөгөөд тухайн аймгуудын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран уг төслийг хэрэгжүүлнэ.