Малчин өрхүүдийн цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох, даван туулах байдлын талаар судалгааны үр дүн танилцуулах хурал зохион байгуулагдлаа.
Нийтэлсэн 2023 оны 4-р сарын 20 Унших цаг 3 минутМонгол улсын хөдөөгийн хүн амын дийлэнх хэсэг нь мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Сүүлийн жилүүдэд Монгол орны ихэнх бүс нутагт халуун, хуурай зун болж хэт хүйтэн, цас ихтэй өвөл (зуд) тохиосноор малын хорогдол ихэсч хөдөөгийн өрхийн амьжиргаанд заналхийлэл учруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж зудын тохиолдол улам ихсэх хандлага ажиглагдсаар байгаа.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яам, Боловсрол судалгааны яамны санхүүжилтээр Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (ПИК), Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран ‘Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын зудын нөлөөллийг ойлгох, дасан зохицох стратегийг үнэлэх’, ‘Зудын эрсдэлт үед үзүүлэх хүмүүнлэгийн мөнгөн дэмжлэгийн үр нөлөөг судлах’ зорилготой судалгааны төслийг хэрэгжүүлж дууслаа.
Судалгааны төслүүдээс гарсан эрдэм шинжилгээний гол дүгнэлтүүдийг “Уур амьсгалын эрсдэлтэй нөхцөлд амьдрахуй: Өвлийн эрс тэс үзэгдлийн нөлөөлөл, хөдөөгийн айл өрхүүдийн дасан зохицох чадавхын талаарх шинжлэх ухаанд суурилсан үр дүн” сэдэвт хурлын хүрээнд зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалдаг эрдэмтэн профессор, мэргэжилтнүүд, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлдэг олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан тархаалаа. Мөн болзошгүй зудын эрсдэлт үед тусламж шаардлагатай байгаа өрхүүдийг оновчтойгоор тодорхойлох, эрсдэлд эмзэг өртөмтгий өрхүүдийн хоол тэжээлийн байдал, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалахад шаардагдах мөнгөн тусламжийн доод хэмжээг тооцоолоход ашиглах боломжтой бодлогын хэрэглэгдэхүүнийг танилцуулав.
- Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ-ын тухай: ПИН ОУТББ нь Монгол дахь үйл ажиллагаагаа 2009 оны зудын гамшигт нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагаагаар эхлүүлж байв. Өдгөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарт болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр 20 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
- Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK)-гийн тухай: PIK нь 1992 онд Герман улсад байгуулагдсан, олон нийтийн санхүүжилттэй судалгааны хүрээлэн бөгөөд Лейбницын нийгэмлэгийн гишүүн юм. PIK нь дэлхийн уур амьсгалын нөлөөллийг судалдаг бөгөөд тогтвортой ирээдүйн төлөө шинэ нээлт, шийдлүүд гаргадаг салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Энэхүү судалгааны төслийг PIK-ийн Тэгш эрх, хүний хөгжлийн FutureLab хариуцан хэрэгжүүлж байна.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой зүйлсийг ПИН ОУТББ-ын ажилтан, CashEval төслийн менежер Д.Түвшинтөгсөөс тодруулах боломжтой: tuvshintugs.dekhchinjav@peopleinneed.net