Хөдөө аж ахуйн хүнс, ус ундааны салбарын жижиг, дунд үйлдвэрлэгч (ЖДҮ) нарт зориулсан үндэсний “Ногоон шилжилт” тэмцээнд оролцохыг урьж байна

Нийтэлсэн 2024 оны 9-р сарын 16 Унших цаг 4 минут
Хөдөө аж ахуйн хүнс, ус ундааны салбарын жижиг, дунд үйлдвэрлэгч (ЖДҮ) нарт зориулсан  үндэсний “Ногоон шилжилт” тэмцээнд оролцохыг урьж байна
© Foto: PIN Mongolia


Төслийн тухай товч танилцуулга:

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах Үндэсний стратегитай нийцүүлэн хүнс, ус ундааны салбарт нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих зорилгоор Пипл ин Нийд ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ нар хамтран Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгуудад “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд анх удаа хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг ‎салбартаа ‎‎тогтсон хэв загварыг илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа ‎‎үзүүлэх, зах зээлд эко тэмдэгжүүлэлт, баталгаажуулалтыг нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн ‎‎засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.

1. Тэмцээний товч танилцуулга:

“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн зүгээс Монгол Улсын хүнс хөдөө аж ахуй, ус ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч (ЖДҮ) нарт зориулсан “Ногоон Шилжилт” нэртэй байгальд ээлтэй үйл ажиллагаагаа харуулсан дүрс бичлэгийн тэмцээнийг зарлаж байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа байгальд ээлтэй ногоон бизнесийн шийдэл болох тогтвортой, ногоон, шинэлэг бөгөөд тойрог эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг голлон харгалзан үзэх юм.

2. Тэмцээний зорилго:

Тэмцээний зорилго нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах, сайн туршлагыг алдаршуулах, байгальд ээлтэй тойрог эдийн засгийн дадал хэвшилд байгууллага, олон нийтийг уриалж Монгол улсад ногоон гэрчилгээжүүлэлт, эко тэмдгийн тогтолцоог нутагшуулах ажилд дэмжлэг үзүүлэх юм.

3. Тэмцээний шалгаруулалт:

Тэмцээн нь 2 шатны шалгаруулалтаар үргэлжлэх бөгөөд эхний шатны шалгаруулалтаар дүрс бичлэгээ ирүүлсэн оролцогчдоос 6-н шилдэг оролцогчийг шалгаруулан мэдэгдэнэ. Шилдэг 6-н оролцогч 11-р сарын 18-нд зохион байгуулагдах “Ногоон шилжилт” нээлттэй үйл ажиллагааны үеэр илтгэл тавих ба тус шалгарсан багуудаас шүүгчдийн баг хамгийн шилдэг 3 оролцогч байгууллагыг сонгон шалгаруулж шагнана. Тэмцээний 2 шатанд өрсөлдөх ЖДҮ-ийг гуравдагч талуудын 3, болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын 2 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг энэ удирдамжийн 7-д заасан шалгуурын дагуу үнэлж шүүнэ.

Тэмцээнд оролцогч байгууллагууд өөрсдийн бизнесийн загварын тогтвортой байдал, хамрах цар хүрээ, шилдэг санаа, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ногоон шийдлүүдийн үр өгөөж зэргийг харуулсан хамгийн ихдээ 5 минутын бичлэг ирүүлнэ.

4. Тэмцээний үргэлжлэх хугацаа:

9 сарын 16 – 10 сарын 25 - Эхний шатны бичлэгийг хүлээж авна.

10 сарын 28 - 11 сарын 8 - Сонгон шалгаруулалт

11 сарын 8 - 2-р шатанд тэнцсэн 6 оролцогчид мэдэгдэх

11 сарын 18 - 2-р шатны шалгаруулалт

5. Тэмцээнд хэрхэн оролцох вэ?

1. Тэмцээнд бэлтгэсэн бичлэгээ Facebook дээр unlisted тохиргоотой нийтэлнэ.

2. https://forms.office.com/e/TuGpHtJx5c холбоосоор нэвтэрч тэмцээнд оролцох бүртгэлээ хийлгэн, Facebook дээр нийтэлсэн бичлэгийн холбоосыг байршуулна.

6. Тавигдах шаардлага:

Тэмцээнд оролцох байгууллага:

• Байгууллага нь олон улсын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны HACCP, ISO22000 стандартуудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг байх;

• Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001 стандартыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг бол давуу тал болно;

• Эко тэмдэг, байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, шаардлагын талаарх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх сонирхолтой байх;

• Төслийн хүрээнд боловсруулсан стандарт, шаардлагыг байгууллагадаа нэвтрүүлэх хүсэлтэй байх

Тэмцээнд ирүүлэх видео бичлэгийн шаардлага:

• Видео бичлэгийн урт хамгийн багадаа 2 минут, ихдээ 5 минут байх;

• Видео бичлэгийн агуулга, хэлбэр, өгүүлэмж, дизайны хувьд чөлөөтэй сэтгэх;

• Видео бичлэг нь монгол эсвэл англи хэл дээр байж болох ба шаардлагатай бол хадмал орчуулгатай байх;

• Видео нь тэмцээний агуулгатай нийцэхүйц буюу ЖДҮ хэрхэн үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй арга барилыг хэрэгжүүлж байгаа талаар тодорхой харуулсан байх. Үүнд эрчим хүч, усны хэрэглээ, хог хаягдал, нөөцийн үр ашигтай хэрэглээ гэх мэт;

• Видео нь дуу дүрсний өндөр чанартай байх буюу хамгийн багадаа 720p нягтралтай байх;

• Бүх контент (зураглал, дуу оруулга гэх мэт) нь эх бүтээл эсвэл зохих ёсоор лицензлэгдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.

7. Тавигдах шалгуур:

Шүүгчид бичлэгт доорх шалгууруудыг харгалзан үзэж шилдэг 6 оролцогчийг шалгаруулна.

• Байгаль орчинд үзүүлэх нөлөө: ЖДҮ-ийн тогтвортой байдлын хүчин чармайлт, байгалийн нөөцийн хэмнэлт болон байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө;

• Инновац: Тойрог эдийн засгийн сайн дадлыг хэрэгжүүлсэн өвөрмөц байдал болон бүтээлч сэтгэлгээ, ногоон шилжилтийн жишиг;

• Бүтээлч байдал: Видео бичлэгтээ бүтээлч хандсан байдал;

• Ажилчдын оролцоо: ЖДҮ нь ажилчдаа тогтвортой байдалд хэрхэн татан оролцуулсан байдал.

8. Тэмцээний шагналын сан: 

10 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний мөнгөн бус шагнал байна.

Autor: PIN Mongolia

Холбоотой нийтлэлүүд