Эдийн засгийн ногоон шилжилт төсөл: Монгол Улс байгаль орчны таван шинэ стандарттай боллоо
Нийтэлсэн 2024 оны 11-р сарын 19 Унших цаг 4 минутМонгол Улс, Улаанбаатар хот – Европын Холбооны санхүүжилттэй "Эдийн засгийн ногоон шилжилт" (ЭЗНШ) төслийн баг байгаль орчны мэдэгдэл, тэмдгийг зохицуулах тухай ISO 14020 багц стандартыг 10 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Байгаль орчны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. ISO 14020, 14021, 14024, 14025, болон 14029 стандартуудыг баталснаар Монгол Улсад эко тэмдэгжүүлэлтийн орчныг бий болгож, бизнесийн салбарт, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүдэд байгаль орчинд ээлтэй, ногоон дадлуудыг нутагшуулахад чухал ач холбогдолтой юм.
Шинээр батлагдсан стандартууд:
• ISO 14020 – Бүтээгдэхүүний байгаль орчны мэдэгдэл ба хөтөлбөр. Зарчим, ерөнхий шаардлага: Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээллийн үнэн зөв, ил тод байдлын зарчмыг тодорхойлно.
• ISO 14021 – Байгаль орчны тэмдэг ба мэдэгдэл. Өөрийн мэдэгдсэн байгаль орчны мэдүүлэг (II төрлийн байгаль орчны тэмдэгжүүлэлт): Бизнесүүд өөрсдийн байгаль орчны мэдэгдлээ гуравдагч талын гэрчилгээгүйгээр үнэн зөв, баталгаатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлэлгүйгээр зарлахад чиглэнэ.
• ISO 14024 – Байгаль орчны тэмдэг ба мэдэгдэл (I төрлийн байгаль орчны тэмдэгжүүлэлт: Зарчим ба журам): Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн туршид байгаль орчинд үзүүлэх өндөр нөлөөллийг гуравдагч талын баталгаажуулалтаар үнэлж, хүлээн зөвшөөрч урамшуулна.
• ISO 14025 – Байгаль орчны тэмдэг ба мэдэгдэл (III төрлийн байгаль орчны тэмдэгжүүлэлт. Зарчим ба журам): Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгт үндэслэн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харуулсан зураглалаар хангаж, хэрэглэгч болон бизнесүүдийг мэдээлэлтэй сонголт хийхийг дэмжинэ.
• ISO 14029 – Бүтээгдэхүүнд зориулсан байгаль орчны тодорхойлолт ба хөтөлбөр: Байгууллагууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнахад чиглэсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний ил тод байдлыг нэмэгдүүлнэ.
Тогтвортой ирээдүйн төлөө жижиг, дунд үйлдвэрүүдийг чадавхжуулах нь
Эдгээр стандартыг албан ёсоор нэвтрүүлснээр Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүд эко тэмдэгтэй болох боломж, суурийг бүрдүүлж байна. Ингэснээр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22.7%-иар бууруулах Монгол Улсын үндэсний стратеги, зорилгыг биелүүлэхэд дөхөм болно хэмээн үзэж байна. Хүнс, ус ундааны салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө өндөр байдаг тул нөөцийн үр ашигтай зарцуулалтын аргуудыг нэвтрүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.
ЭЗНШ төсөл нь эко тэмдэг, ногоон гэрчилгээ олгож баталгаажуулах тогтолцоог нэвтрүүлж, тэдгээрийг одоо байгаа цахим төлбөрийн хэрэгслүүдтэй холбосноор хүнс, ус ундааны жижиг, дунд үйлдвэрүүд болон жижиглэн худалдаачдад тойрог эдийн засгийн дадлыг нэвтрүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. ЭЗНШ төсөл нь эдгээр бизнесүүдэд тогтвортой зарчмуудыг нэвтрүүлэх арга, туршлагыг олгохоос гадна ногоон санхүүжилтийн боломжийг хүртэхэд дэмжлэг үзүүлэх юм.
ЭЗНШ төслийн зорилтууд
• Нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засгийн хэв маягт шилжих: Монгол Улсын БЖДҮ-үүдийг нүүрстөрөгч бага ялгаруулдаг тойрог эдийн засагт шилжихэд нь хувь нэмэр оруулах.
• Ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх: Монгол Улсын хүнс, ус ундааны жижиг, дунд үйлдвэрүүдийг тогтвортой дадлыг нэвтрүүлэхэд дэмжих.
• Тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлэх: Эко тэмдэг, ногоон гэрчилгээ олгож баталгаажуулах тогтолцоог нэвтрүүлэхэд тусгайлсан арга зүйн дэмжлэг үлүүлэх, зан зан дадлыг өөрчлөх, ногоон санхүүжилтэд хамруулах зэрэг замаар тойрог эдийн засгийн хэв маягийг дэмжих.
Ирээдүйн чиглэл
Эко тэмдэг, ногоон гэрчилгээ олгож, баталгажуулах тогтолцоог нэвтрүүлэн төлбөрийн урамшууллын системүүдтэй холбосноор БЖДҮ болон жижиглэн худалдаачдад тогтвортой дадлуудыг хэвшүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх юм. Төслийн хүрээнд БЖДҮ-үүдийг тогтвортой тойрог эдийн засаг, түүнийг дэмжих ногоон санхүүжилтийн талаар мэдлэг, арга зүйгээр хангаж, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нь сайжруулах боломжийг олгож байна. Ингэснээр ЖДҮ-үүд байгалийн нөөцөд хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, ядуурлыг бууруулах үйл ажиллагааг дэмжиж байгаа юм.
Энэхүү төсөл нь Европын холбооны Ногоон хэлцэл, тойрог эдийн засгийн зарчмууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санаачилга зэрэгтэй нийцэж байна. Монгол Улсын эко тэмдэгжүүлэлтийн стандарт үйл ажиллагааны журмыг боловсруулахад Европын Холбооны сайн дурын эко тэмдэгжүүлэлтийн бүтцийг удирдамж болгон ашигласнаар олон улсын хүчин чармайлтыг нэгтгэж байна.
Тогтвортой байдал
Монголын жижиг, дунд үйлдвэрлэлүүд ирээдүйгээ харж тогтвортой үйл ажиллагаа эрхлэхийн төлөө ажиллаж буй энэ үед ЭЗНШ төсөл нь бизнесийн салбарт тасралтгүй дэмжлэг үзүүлсээр байна. ЭЗНШ төсөл нь ирэх онд ISO 14050 (Байгаль орчны менежментийн нэр томьёо) болон ISO 14044 (Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үнэлгээ) хоёр стандартыг орчуулан батлуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү стандартууд батлагдснаар өмнөх таван стандартын хэрэгжих хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлж, эко тэмдэгжүүлэлтийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн үзэж байна. Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын ЖДҮ-үүд үйлдвэрлэлийн тогтвортой дадлуудыг нэвтрүүлэн өрсөлдөх чадвартай тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.