Монголын залуус тогтвортой ирээдүйн төлөө тойрог эдийн засгийг хэрхэн түүчээлж байна вэ?
Нийтэлсэн 2025 оны 7-р сарын 31 Унших цаг 3 минут Sdílet: Sdílet článekУур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй энэ цаг үед байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээний ач холбогдол улам нэмэгдэв. Түүхий эдийн хязгаарлагдмал нөөц, хууль эрх зүйн хүндрэлүүдтэй тулгардаг Монгол Улсад шинэ үеийн залуус өөрчлөлтөд манлайлан оролцож эхэллээ. Европын Холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” (ЭЗНШ) төслийн хүрээнд орон даяар залуучуудыг тогтвортой амьдралын хэв маяг, ногоон худалдан авалт болон тойрог эдийн засгийн зарчмын талаар мэдээлэлтэй болж, түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлсээр байна.

Дэлхий нийтээрээ залуу үеийг тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Дэлхийн Эдийн Засгийн Форум-аас 18-35 насныхныг тойрог эдийн засгийн шилжилтэд голлох үүрэгтэй хэмээн онцолжээ. Үүнийг батлах нэг жишээ нь PwC байгууллагын 2021 онд хийсэн судалгаагаар 18-34 насныхны 60% нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд илүү мөнгө төлөхөд бэлэн байгааг харуулсан нь хариуцлагатай хэрэглээний чиг хандлага эрчимтэй өсөн нэмэгдэж буйг илтгэж байна.
Монгол Улсад ч энэ чиг хандлага хүчтэй мэдрэгдэж эхэлжээ. Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт нийт 200 гаруй залуусын дунд хийсэн гурван удаагийн судалгаагаар, олонх нь байгаль орчинд ээлтэй, эко тэмдэгтэй бүтээгдэхүүнийг энгийн бүтээгдэхүүнээс бага зэрэг үнэтэй байсан ч худалдан авахад бэлэн гэжээ. Энэхүү сонголт нь “тренд” хөөх биш, харин хувь хүний болон нийгмийн хариуцлагаа ухамсарласны илрэл юм.
Гэсэн хэдий ч тогтвортой хэрэглээний эрэлт өсч байгаа энэ үед бодит хүндрэлүүд тулгарсаар байна. Монгол Улсад эко бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих бодлого, стандарт, хяналтын систем төдийлөн бүрдээгүй бөгөөд олон залуус эко бүтээгдэхүүнийг хэрхэн таних, яагаад ийм бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй талаарх ойлголт хангалтгүй байна.
ЭЗНШ төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран эко тэмдгийн олон улсын таван суурь стандартыг шинэчлэн батлуулсан байна. Энэ нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай эрх зүйн орчин бүрдүүлэх чухал алхам болжээ.
Тогтвортой хөгжлийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд зан дадлын өөрчлөлт чухал үүрэгтэй. Тийм ч учраас ЭЗНШ төсөл нь зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй, олон нийтийн оролцоонд суурилсан “Нийгмийн зан дадлын өөрчлөлтийн аян”-ыг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна. Энэхүү аян нь байгаль орчинд ээлтэй хэрэглээ болон тойрог эдийн засгийн зарчмуудыг олон нийтэд таниулж, залуусыг гэр бүл, сургууль, ажлын байр гээд бүхий л хүрээндээ өөрчлөлт авчрах манлайлагч болоход нь чиглэж байна.
Олон улсын жишээ ч үүнийг нотолж байна. АНУ-д хэрэгжсэн “Sustainable Brands” санаачилга нь хэрэглэгчдийг байгаль орчинд ээлтэй худалдан авалт хийхийг уриалдаг ба энэ нь тогтвортой байдлын үнэт зүйлтэй уялдсан брэндүүдийг дэмжээд зогсохгүй эдийн засагт ч ашиг тустайг илтгэлээ.
Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЭЗНШ төсөл нь Монгол Улсын тогтвортой, тойрог эдийн засаг руу шилжих анхны чухал алхмуудыг дэмжин ажиллаж байна. Төсөл нь залуусын мэдлэг, чадварыг сайжруулж урт хугацааны өөрчлөлтийн үрийг тарьж эхэлжээ.
Өөрчлөлт аль хэдийн эхэлсэн. Ирээдүйг бүтээгч шинэ үеийнхэн тогтвортой боловсрол, олон нийтийн оролцоо, бодлогын орчны ачаар монголын залуус ирээдүйгээ хүлээх биш өөрсдөө бүтээж байна.
Нийтлэлийг боловсруулсан:
SOGE Төслийн ахлах ажилтан Б.Номун-Эрдэм
Мэдээлэл харилцааны ажилтан Б.Пүрэвбат