Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний Залуучуудын Чуулган амжилттай болж өнгөрлөө.

Нийтэлсэн 2026 оны 7-р сарын 6 Унших цаг 3 минут

Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл нь Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний Залуучуудын Чуулган (Local Conference of Youth – LCOY Mongolia 2026)-ыг 6 дугаар сарын 22-нд НҮБ-ын байранд амжилттай зохион байгуулж, Монгол орны өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, ирээдүйн хөгжлийн талаарх бодлого, шийдлийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох боломжийг бүрдүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний Залуучуудын Чуулган
© Foto: Пипл ин нийд ОУТББ

Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл нь Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний Залуучуудын Чуулган (Local Conference of Youth – LCOY Mongolia 2026)-ыг 6 дугаар сарын 22-нд НҮБ-ын байранд амжилттай зохион байгуулж, Монгол орны өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, ирээдүйн хөгжлийн талаарх бодлого, шийдлийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох боломжийг бүрдүүллээ.


Тус чуулганыг Хаанс Зайделийн Сангийн санхүүжилттэйгээр, Австралийн Засгийн газар, Европын Холбооны санхүүжилттэй Пипл ин Нийд ОУТББ хэрэгжүүлж буй “Хос Шилжилт” төсөл , мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

LCOY нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (UNFCCC) албан ёсны залуучуудын сүлжээ болох YOUNGO-гийн хүрээнд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг үндэсний хэмжээний зөвлөлдөх чуулган юм. Энэхүү чуулган нь залуучуудын уур амьсгалын асуудлаарх мэдлэг, манлайлал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын бодлого боловсруулах үйл явцад тэдний дуу хоолойг нэгтгэн хүргэх чухал платформ болдог. Чуулганы үр дүнд боловсруулсан санал, зөвлөмжүүд нь Дэлхийн Залуучуудын Уур амьсгалын Чуулган (COY) болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын бага хурал (UNFCCC COP - Уур амьсгалын COP)-д хүргэгдэх залуучуудын хамтарсан байр суурийн нэг чухал хэсэг болдог.

Чуулганд Улаанбаатар хот болон 18 аймгийн нийт 60 орчим залуусын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тулгамдсан асуудлуудыг 8 дэд сэдвийн хүрээнд хэлэлцэн, хоёр “Залуучуудын нэгдсэн байр суурь” баримт бичгийг боловсрууллаа.

Мөн орон нутгийн залуус амьдарч буй бүс нутагтаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хэрхэн даван туулж буй өөрсдийн туршлага, бодит түүхээ хуваалцаж, орон нутгийн шийдлүүд болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхын сургамжуудыг ярилцаж санал солилцлоо.


Чуулганы нээлтийн үеэр Пипл ин Нийд ОУТББ-ын суурин төлөөлөгч Тришиа Төрболд хэлэхдээ:

“Дэлхий даяар залуучууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй бүлэг хэдий ч тэд нэгэн зэрэг шийдлийг эрэлхийлж, бодит өөрчлөлтийг урагшлуулах хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүчний нэг болохоо улам бүр харуулж байна... Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17) зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед залуучуудын дуу хоолой, оролцоо урьд өмнөхөөсөө илүү чухал юм” хэмээн онцоллоо.

Пипл ин Нийд ОУТББ нь Европын Холбооны санхүүжилттэй "Хос шилжилт" төслийн хүрээнд байгаль орчин болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар Монгол улсын ногоон болон цахим шилжилт, хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Төслийн хүрээнд уур амьсгалын бодлого, тэр дундаа UNCCD COP17 зэрэг үндэсний болон олон улсын үйл платформуудад иргэний нийгэм, залуучуудын дуу хоолойг бодлого боловсруулах түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улс энэ онд UNCCD COP17-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан энэхүү чуулган нь залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг үндэсний болон олон улсын хэлэлцүүлэгтэй холбох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Чуулганы үр дүнд боловсруулсан залуучуудын санал, зөвлөмжүүд нь олон улсын залуучуудын хамтарсан байр сууринд тусгагдаж, UNFCCC COP болон UNCCD COP17-ын хүрээнд Монголын залуусын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулах юм.

Author: Пипл ин нийд ОУТББ, People in Need Mongolia

Холбоотой нийтлэлүүд