Пипл ин Нийд ОУТББ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Тришиа Төрболд томилогдлоо

Нийтэлсэн 2025 оны 10-р сарын 1 Унших цаг 2 минут

“Пипл ин Нийд” (ПИН) Монгол улс дахь Суурин төлөөлөгчөөр хатагтай Тришиа Төрболд томилогдсоныг албан ёсоор дуулгахад таатай байна. Тэрээр ПИН-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр, үйл ажиллагааг стратегийн гурван тулгуур чиглэлийн хүрээнд удирдана. Үүнд: Онцгой байдлын хариу арга хэмжээ ба тусламж, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ба орчны бохирдлыг бууруулах, Иргэний нийгэм ба хүртээмжтэй засаглал гэсэн тэргүүлэх чиглэлүүд багтаж байна. Ингэхдээ тэрээр оролцогч талуудын түншлэлийг бэхжүүлэх замаар хөрөнгө босгох үйл ажиллагааг эрчимжүүлэн, хүний эрхэд суурилсан, орон нутаг төвтэй, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хүртээмжтэй, чадавхажсан нийгмийг бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж ажиллах юм. 

Пипл ин Нийд ОУТББ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Тришиа Төрболд томилогдлоо
© Foto: PIN Mongolia

Хатагтай Тришиа өнгөрсөн таван жилийн хугацаанд Азийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт ажилласан бөгөөд анх Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хариуцсан захирлаар ажиллан төр, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх санаачилгуудыг удирдан хэрэгжүүлсэн. Үүний дараагаар Хүний нөөц, үйл ажиллагаа ба хөрөнгө босголт хариуцсан захирлын албан тушаалд тэрээр байгууллага болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд нэн чухал манлайллыг үзүүлж ажилласан.

Өмнө нь Тришиа Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)-ийн Гүйцэтгэх захирлаар, мөн Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-д Мэдээлэл харилцаа, гишүүнчлэл хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв. Энэ хугацаандаа тэрээр байгууллагын өсөлт, тогтвортой байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулж, түншлэгч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, ажилласан байгууллагуудаа олон нийтэд таниулан сурталчлах замаар нэр хүндийг нь дээшлүүлж, эдийн засгийн хөгжил, сайн засаглалыг дэмжих бодлогын орчныг сайжруулахад идэвхтэй хувь нэмэр оруулж байв.

Тэрээр АНУ-ын Рэдфордын их сургуульд Байгууллагын болон мэргэжлийн харилцаа холбооны чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Өмнөх Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишигийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болсон бөгөөд түүний залгамж халааг хатагтай Тришиа Төрболд ийнхүү хүлээн авч байна.

Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын тухай

Пипл ин Нийд ОУТББ нь 2009 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө ПИН нь Монгол Улсын 21 аймгийг бүхэлд нь хамарсан гуч гаруй төсөл хэрэгжүүлж, олон мянган хүний амьдралд эергээр нөлөөлж чадсан. Эдгээр төслүүд нь уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой амьжиргаа, онцгой байдлын хариу арга хэмжээ, жендэр ба нийгмийн хүртээмж, иргэний нийгмийг хүчирхэгжүүлэх замаар сайн засаглалыг бэхжүүлэх, түүнчлэн боловсрол ба ур чадварыг хөгжүүлэх салбаруудад голлон төвлөрч ирсэн.

Author: PIN Mongolia

Холбоотой нийтлэлүүд