Цахим шилжилт дэх ИНБ-уудын оролцоо: Сорилт, боломж, шийдэл

Нийтэлсэн 2025 оны 4-р сарын 14 Унших цаг 5 минут

Монгол Улс иргэний нийгмийн төрөл бүрийн оролцогчдын дунд цахим ур чадварын ялгаатай байдал болон дижитал технологийг ашиглах хүртээмжийн асуудалтай тулгараад байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бид иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цахим шилжилт дэх ИНБ-уудын оролцоо: Сорилт, боломж, шийдэл
© Foto: PIN Mongolia

“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслөөр бид ИНБ-уудыг үр нөлөө бүхий бие даасан оролцогч болоход хүч нэмэр болж буй. Бид Монгол Улсын Засгийн газрын “Цахим үндэстэн” болох зорилтод нийцүүлэн хүртээмжтэй цахим шилжилт, ардчилсан тогтолцоонд ИНБ-уудын хувь нэмрийг оруулахыг зорьж байна. Энэ хүрээнд ИНБ-уудын цахим ур чадвар, тоон бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэх, цахим шилжилтийн тухай хууль эрхзүйн, бодлого боловсруулах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар бие даасан оролцогч болгон чадавхжуулахад оролцож байна.

Өнөөгийн байдлаар дөчин нэгэн ИНБ-ууд цуврал сургалтуудад оролцож, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн бөгөөд цаашид эдгээр ИНБ-аас сургагч багш нарыг сонгон бэлтгэнэ. Түүнчлэн төслийн хүрээнд ИНБ-уудын санаачилсан төслүүдээс шалгаруулан бичил санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

Эдгээр үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Засгийн газрын 2022 онд баталсан "Цахим үндэстэн" стратегийн хүрээнд нийцэн хэрэгжиж байгаа билээ. Уг стратеги нь дижитал дэд бүтэц, цахим мэдлэг, ур чадвар болон дижитал технологийг ашиглах хүртээмжийг сайжруулахад чиглэнэ.

Иргэдийн цахим ур чадварын ялгаатай байдлыг багасган, цахим мэдлэгийг сайжруулах нь ач холбогдолтой. Мэдлэг дутмаг байдлаас үүдэлтэй цахим орчин дах хоцрогдол, ялгааг багасгахын тулд цахимаар хүргэж буй бүхий л үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох шаардлага тулгараад байна. Төслийн оролцогч ИНБ-ууд нь иргэдтэй ойр хамтран ажилладаг бөгөөд ИНБ-уудаар дамжуулан иргэн-төрийн хооронд харилцан мэдээлэл солилцсон, идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох нь практик арга зам болох юм.

Хөгжлийн Туслалцаа Төвийн Гүйцэтгэх захирал Ч.Дэлгэрмаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим хоцрогдолд ордгоос болоод мэдээллийн аюулгүй байдал алдагддаг, цахим гэмт хэргийн золиос болдог, интернэт банк төрийн үйлчилгээгээ авч чадахгүй байх зэрэг олон асуудлуудтай тулгардаг. Гэхдээ үүнийг яаж шийдэх ёстойг огт мэдэхгүй байсан. Манай байгууллага Иргэний нийгэм одоо (CSN) платформын гишүүн болсон. Иргэний нийгэм одоо платформын гишүүн болсноор “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төсөлд хамрагдан, хиймэл оюун ухаан болон мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар олон зүйлсийг сурсан” хэмээн өгүүлсэн юм.

Пипл ин Нийд ОУТББ-ын боловсруулсан “Бодлого боловсруулах явцад нөлөөлөх ИНБ-уудын оролцоо” судалгааны үр дүнг тоймлон харвал ИНБ-уудад дараах тулгамдсан асуудлууд байна. Үүнд:

  • ИНБ-ууд бодлого боловсруулах явцад оролцох боломж бага,
  • Төр-ИНБ хоорондын хамтын ажиллагаа хязгаарлагдмал, хэрхэн тэдний үйл ажиллагааг нэгтгэх, хамтран ажиллах стратеги байхгүй,
  • ИНБ-уудын бүхий л нөөц чадавх, хамтын ажиллагааны дутмаг байдал нь ИНБ-уудын нийгэмд үзүүлэх нөлөөлөлд сулруулдаг,
  • Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох, ил тод байдал дутмаг,
  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг судалгаа, дүн шинжилгээнд суурилан явуулах байдал хангалтгүй байгаа нь ИНБ-уудын оролцоо бага байхад нөлөөлж байна.

Цахим хэрэгцээ шаардлага, асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Пипл ин Нийд ОУТББ нь Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Фаро Фаундэйшн ТББ, Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны Яамтай хамтран хэрэгжүүлж буй DICE төслийн хүрээнд “Монгол Улсын цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал”-ийг боловсруулсан билээ.

Тус замын зураглал нь цахим шилжилтэд ИНБ-уудын оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хамтач үйл ажиллагааг бий болгоход түлхэц үзүүлэх юм. Улмаар ИНБ-уудыг цахим шилжилтэд бэлдэх, тэдний оролцоог бодлогын түвшинд нэмэгдүүлэх буюу бодлого боловсруулах явцад тэдний дуу хоолой, нөлөөллийг бий болгоход чиглэж байна.

Цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглалын тухай

Тус замын зураглалыг ИНБ-уудын үүрэг оролцоог тодорхойлох, цахим шилжилттэй холбоотойгоор төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, цаашид сайжруулахад зориулан боловсруулсан. Нөлөөллийн ажлын замын зураглалд тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудыг тодотгосноороо онцлог юм.

Энэ хүрээнд бодлогын нөлөөллийн ажлын хэрэгжилтийг дараах гурван үндсэн тулгуурын хүрээнд тодорхойлсон.

  • Цахим шилжилтийн бодлого, хууль эрхзүй, зохицуулалтын орчинд ИНБ-уудын тэгш оролцоог хангахын тулд нөлөөллийн ажил хийх,
  • ИНБ-уудын цахим ур чадварыг дээшлүүлэх,
  • ИНБ-уудын үйл ажиллагаагаар дамжуулан зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадвар, оролцоог дээшлүүлэх зэрэг болно.

Цаашлаад эдгээрт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийн хамт боловсруулснаар нөлөөллийн ажлын ач холбогдол, үр нөлөө, цаашдын тогтвортой байдлыг хангах тогтолцоог зураглаж өгсөн.

Нөлөөллийн ажлын замын зураглал нь ИНБ-уудын үүрэг оролцоо, зорилтот бүлгийн иргэдэд хүргэх гол арга хэмжээнүүдийг тодорхойлсноор цахим шилжилттэй холбоотойгоор Засгийн газрын бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус дэм болно. Улмаар урт хугацаанд үр нөлөөтэй байдлыг хангахын тулд уг замын зураглал нь тогтвортой байдал, үр ашиг, болон хэмжигдэхүйц үр дүнг бий болгох тогтолцоог боловсруулжээ.

Нөлөөллийн ажлын замын зураглалыг ашигласнаар ИНБ-уудын хүртэх үр өгөөж

Цахим шилжилтийн бодлого, эрхзүйн зохицуулалтын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй цахим мэдээллийн хэрэгсэл, платформыг идэвхтэй ашиглах, хүртээмжтэй байдлыг хангахад ИНБ-ууд болон иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой. Нөлөөллийн ажлын замын зураглалын дагуу цахим шилжилт дэхь тэгш оролцоог нэмэгдүүлснээр дараах үр дүнд хүрэх боломжтой.

  • Төрөөс хэрэгжүүлж буй цахим мэдээллийн хэрэгсэл, платформын үйлчилгээг хэрэглэгчдэд ээлтэй болгох, сайжруулах,
  • Цахим үйлчилгээ, мэдээллийн хэрэгслийн хэрэглээг идэвхжүүлэх, иргэдийн оролцоо, санал хүсэлтийг тусгахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх,
  • Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд ИНБ-ууд бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтын түвшинд ажиллах мэдлэг чадавхтай, идэвхтэй оролцогч болох,
  • Хууль эрхзүй, зохицуулалтын орчинд тэгш оролцоог цогцлоон, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.

Эцэст нь ИНБ-уудын оролцоо нь төрийн үйл ажиллагаанд нэгдсэн тогтолцоо, хүртээмжтэй засаглалыг бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой.

Монгол Улсын цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал” нь ИНБ-уудын оролцоог цахим шилжилтийн үе шат бүрд нийцүүлэн, харилцан уялдаа бүхий хэрэгжилтийг хангах бас нэгэн эх сурвалж болох бөгөөд тодорхой зорилго, төлөвлөгөө, хамтын ажиллагааны чиглэлийг тусгасанаараа онцлог болж буй юм. Иймд энэхүү замын зураглалыг хүртээмжтэй цахим шилжилттэй холбоотой үйл ажиллагааны хэрэгжилтийг төлөвлөх хэрэгслийн нэг болгон өргөнөөр ашиглана гэдэгт найдаж байна.

Нийтлэлийг боловсруулсан:

DICE төслийн ажилтан Н. Хандаа

DICE төслийн менежер Д. Түвшинтөгс

ПИН хөтөлбөрийн захирал Д.Амаржаргал

Author: PIN Mongolia

Холбоотой нийтлэлүүд