Хумигдаж буй иргэний орон зай ба ардчилал

Нийтэлсэн 2025 оны 1-р сарын 31 Унших цаг 7 минут

Төв Ази дахь “ардчиллын баянбүрд” хэмээн өргөмжлөгддөг Монгол Улсад иргэний орон зай хумигдаж буй нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байна. Ардчилсан оролцоо, нийгмийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болох иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ууд өнөөдөр хууль, эрх зүйн хязгаарлалт, улс төрийн шахалт, цахим хуваагдлын улмаас олон сорилттой тулгарах нь нийтлэг болов. Энэ нь ардчиллын амин чухал дуу хоолойг дарахаас гадна улсын хөгжлийн чиг хандлагад аюул учруулж байна.

 Хумигдаж буй иргэний орон зай ба ардчилал
© Foto: PIN Mongolia

Асуудал: Хумигдаж буй иргэний орон зай

1990 оны тайван ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улсад иргэний нийгэм цэцэглэн хөгжиж ирсэн. Үндэсний статистикийн газрын бүртгэлийн системийн мэдээллээр улсын хэмжээнд 31,000 гаруй ИНБ бүртгэлтэй ч 2023 оны 12-р сарын байдлаар 7,480 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өнөөдрийн иргэний нийгэмд тулгарч буй сорилтуудыг тод томруун харуулж байна.

Эдгээр сорилтын заримыг Пипл ин Нийд (ПИН) Монгол олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ)-аас хийсэн “Бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх ИНБ-ын оролцоо” судалгаагаар тодруулсан бөгөөд дараах асуудлууд багтаж байна:

1. Хууль, эрх зүйн хязгаарлалттай орчин: Монгол Улсын хууль, эрх зүйн орчин нь ИНБ-уудын хөгжлийн хэрэгцээнд нийцэхүйц хэмжээнд шинэчлэгдэж чадаагүй байна. Үндсэн хууль (1992), Төрийн бус байгууллагын тухай хууль (1997), Иргэний хууль (2002), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015) зэрэг гол хууль тогтоомж өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй, хоцрогдсон хэвээр байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрхзүйн байдлын тухай хууль зэрэг шинэ хуулийн төсөл нь ИНБ-уудын үйл ажиллагаанд илүү хязгаарлалт тогтоох эрсдэлтэй бөгөөд өндөр шаардлагатай тайлан гаргах, үүрэг ногдуулах, байгууллагуудыг ангилах замаар хараат бус үйл ажиллагааг хумих аюултай. Судалгааны тайланд дурдсанаар ИНБ-уудын 65% нь төрийн дэмжлэгт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 45% нь хууль, эрхзүйн орчныг таагүй гэж үнэлжээ.

2. Хязгаарлагдмал санхүүжилт, нөөц: ИНБ-ууд санхүүгийн дэмжлэг авахад ихээхэн хүндрэлтэй тулгарч байна. Донор байгууллагад илгээсэн саналуудын ердөө 55% нь л санхүүжилт авдаг байна.

3. Хот, хөдөөгийн ялгаа: ИНБ-уудын 80%-иас илүү нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс хөдөө, орон нутагт хүрч ажиллах боломж хомс. Энэ нь бүс нутгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, иргэний нийгмийн санаачилгуудын хүртээмжийг хязгаарлаж байна.

4. Итгэлцэл, хамтын ажиллагааны сааралт: ИНБ-уудын 40% нь төрийн байгууллагуудтай харилцах итгэлцэл маш муу гэж дүгнэсэн. Мөн 48% нь орон нутгийн бодлого, Засгийн газрын мэдээлэл авах боломжийг хангалтгүй гэж үзжээ.

5. Иргэний орон зайн хумигдалт: 2023 онд олон улсын “Civicus” байгууллага Монгол Улсын иргэний орон зайг "хумигдсан" гэж ангилсан. Энэ нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх зөрчигдөх явдал нэмэгдэж байгааг харуулж байна.

6. Улс төрийн саад бэрхшээл: Сонгууль бүрийн дараа төрийн байгууллагууд, тэдгээрт ажиллаж буй ажилтан, албан тушаалтан байнга өөрчлөгддөг нь тогтвортой байдлыг алдагдуулж, ИНБ-уудын төрийн байгууллагуудтай тогтвортой, үр дүнтэй харилцах боломжийг хязгаарлаж байна.

7. Санал хүсэлтийн тогтолцооны дутагдал: Төрийн байгууллагууд ИНБ-уудын оролцоог дэмждэг боловч тэдний санал санаачилгыг бодлого, үйл ажиллагаандаа хангалттай тусгадаггүй. ИНБ-уудтай харилцахдаа бичгэн хэлбэрийг голлодог нь эргээд ийм чадвар султай ИНБ-уудын оролцоог хумьж байна.

Хууль, эрх зүйн сорилт ба , Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн тайлан

Иргэний орон зай хумигдаж буй гол хүчин зүйлсийн нэг нь ИНБ-уудыг зохицуулж буй хууль, эрхзүйн орчин гэдгийг дээр дурдсан билээ. 2021 онд Монгол Улсын Засгийн газар Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулсан. Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL) эдгээр төслийг судалж, дараах асуудлуудыг онцолсон байна: 

• Байгууллагын эрх зүйн хэт хатуу хязгаарлалт: Хуулийн төсөлд холбоо байгуулах эрхийг зөвхөн 18 нас хүрсэн, татварын өргүй иргэнд өгөхөөр заасан нь олон улсын хүний эрхийн стандартуудыг зөрчиж, насанд хүрээгүй иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах аюултай.

  • Дотоод засаглалын хэтийдсэн зохицуулалт: Бүх холбооноос “Удирдах зөвлөл”, “Хяналтын хороо” гэсэн бүтэцтэй байхыг заавал шаардсан нь “нэг загвар бүгдэд тохирно” гэсэн өрөөсгөл хандлагыг бий болгож, жижиг байгууллагуудад дарамт учруулж байна.
  • Тайлан гаргах өндөр шаардлага: Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй аливаа холбоо, сан нь үйл ажиллагаа хийгээд санхүүгийн дэлгэрэнгүй тайлан гаргах үүргийг заавал хүлээдэг байх нь жижиг ИНБ-уудын хувьд хэтэрхий хүндрэлтэй нөхцөл үүсгэнэ.
  • Эдийн засгийн үйл ажиллагааны хязгаарлалт: ИНБ-уудын эдийн засгийн үйл ажиллагаа нь нийт үйл ажиллагааны 20%-иас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалт нь тэдний санхүүгийн бие даасан байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • Олон нийтийн эрх ашигт үйлчлэх байгууллагын тодорхой бус тодорхойлолт : Олон нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг тодорхойлох шалгууруудыг хуулийн төсөлд дутуу тусгасан нь хараат бус ИНБ-уудыг хязгаарлах эрсдэлийг бий болгож байна.

2022 онд ИНБ-уудын амжилттай лобби, эсэргүүцлийн үр дүнд эдгээр хуулийн төслийг түр хойшлуулсан юм. 2024 оны 9-р сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар эдгээр хуулийг шинэчилж боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Гэвч эдгээр хуулийн төслийн талаарх уг ажлын хэсгийн үзэл баримтлал, өнгөрсөн зун бүрдсэн Улсын Их Хурлын байр суурь тодорхойгүй байгаа тул ИНБ-уудын зүгээс хууль, эрх зүйн орчны цаашдын чиг хандлагад санаа зовниж байна.

Сүүлийн үед Монгол Улсад эрчимтэй өрнөж буй цахим шилжилт нь иргэний нийгмийн орон зайд томоохон сорилт болж байна. Улс орны хэмжээнд цахим технологийн хэрэглээ эрчимжиж, цахим платформууд ардчилсан оролцооны гол хэрэгсэл болж байгаа энэ үед холбоодын эрх, эрх чөлөө, цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангахад чиглүүлэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Гэвч дээрх хуулийн төслүүд цахим шилжилтээс үүдэлтэй сорилтуудыг хангалттай тусгаагүй, улмаар энэ ИНБ-уудын цахим үйл ажиллагаанд нэмэлт хязгаарлалт, тодорхой бус байдлыг авчрах эрсдэлтэй байна.

Цахим эрин үед ИНБ-уудад тулгарч буй сорилт

Монгол Улсад иргэний нийгмийг хамгаалах, бэхжүүлэхэд цахим шилжилт нь боломж хийгээд сорилтын аль алиныг авчирч байна. Нэг талаас, “E-Mongolia” зэрэг санаачилга нь төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Нөгөө талаас, интернэтийн үнэ өндөр, орон нутагт холболт хангалтгүй байгаа нь сорилт болж байна. Эдийн засаг, дэд бүтцийн бэрхшээлээс гадна цахим бичиг үсгийн боловсролын түвшин, ташаа мэдээллийн тархалт, цахим хүчирхийлэл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн цахим ялгаварлал зэрэг асуудал нь ИНБ-уудад цахим орон зайг бүрэн ашиглахад хүндрэл учруулж байна.

Цахим хөгжил нь тэгш оролцоог хангах хэрэгсэл байх ёстой. Тиймээс цахим технологи нь тэгш бус байдал, ялгааг гүнзгийрүүлэх бус, харин үүнийг багасгах, арилгах чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай. Тэдгээр арга хэмжээний дотор зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадвар, боловсролыг сайжруулах нь эн тэргүүний зорилт байх ёстой.

Хүртээмжтэй засаглалын төлөө юу хийх вэ?

Ардчилал нь нээлттэй яриа хэлэлцээ, ил тод байдал, иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурладаг үйл явц. Гэвч эдгээр зарчим алдагдах аюул, эрсдэл бодитоор байгаа нь дээр дурдсан ИНБ-уудыг хумих шинжтэй үйлдэл, эс үйлдлээс харагдана. Ийнхүү иргэний нийгмийг хумих оролдлого нь хариуцлагатай засаглалд зайлшгүй шаардлагатай тэнцвэр, хяналтын механизмыг сулруулж байна.

Засгийн газар хандлагаа өөрчилж, иргэний нийгмийг сөргөлдөгч бус, харин улс орны хөгжлийг хамтран бүтээх түнш гэж харах хэрэгтэй. ИНБ нь олон нийтийн эрх ашгийг илэрхийлэх, эрх баригчдыг хариуцлагатай байхыг шаардах, төрийн бодлогыг дэмжих үндсэн зарчимтай. Үүнийг хумьж хязгаарлах нь хөгжлийн стратегийн чухал холбоотноо алдахад хүргэнэ.

Иргэний нийгмийг хумихын эсрэг авах зарим арга хэмжээ

1. Хязгаарлалттай хууль тогтоомжийг дахин авч үзэх:

ИНБ-уудын үйл ажиллагааг хязгаарлах хуулийн төслүүдийг шинэчлэх шаардлагатай. Хууль тогтоогчид иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, хараат бус байдлыг хязгаарлахгүйгээр ил тод байдлыг дэмжих хууль боловсруулах нь чухал. Засгийн газрын хэтийдсэн оролцоо, хяналтаас урьдчилан сэргийлэх баталгаа нь ардчилсан иргэний орон зайг хамгаалах үндэс болно.

2. Яриа хэлэлцээг жинхэнээсээ, учир утгатай өрнүүлэх:

Төр, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд тогтмол харилцаа өрнөх албан ёсны платформ бий болгох нь зайлшгүй. Үүнд зөвлөх зөвлөл, бодлогын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэрэг механизм орж болно. Ийм хамтын ажиллагаа нь харилцан итгэлцлийг бий болгож, бодлогын шийдвэрүүдийг олон талын байр сууринд тулгуурлан гаргах боломжийг бүрдүүлнэ.

3. Цахим дэд бүтэц, боловсролд хөрөнгө оруулах:

Цахим хуваагдлыг багасгахын тулд интернэтийн хүртээмж муутай бүс нутгуудад интернэт холболтын хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх, ИНБ-уудын цахим ур чадварыг хөгжүүлэхэд зориулсан санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Кибер аюулгүй байдал, цахим хэрэглээний сургалтууд нь байгууллагуудыг хамгаалахаас гадна тэднийг цахим орчинд аюулгүй, бүрэн дүүрэн оролцох боломжтой болгоно.

4. ИНБ-уудыг дэмжих тогтолцоог бэхжүүлэх:

Олон улсын донорууд болон Монгол Улсын Засгийн газар иргэний нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд төсөл, хөтөлбөрийн менежмент, эрх зүйн хамгаалалт, цахим ур чадварын сургалтууд багтана. Ялангуяа орон нутгийн ИНБ-уудыг онцгойлон дэмжих нь зүйтэй.

Ирээдүйн төлөө чухал шийдвэр гаргах цаг ирлээ.

Монгол Улс түүхэн чухал үедээ ирээд байна. Өнөөдөр гаргах шийдвэрүүд иргэний нийгэм, цахим хүртээмж, ардчиллын эрүүл мэндийг ирээдүйд тодорхойлох болно.

ИНБ-уудтай хамтран ажиллах, хууль тогтоомжуудыг чөлөөт, хараат бус орчныг дэмжих байдлаар шинэчлэх, цахим дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн бодлогын сонголт биш, бас ардчиллыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага юм.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлснээр Монгол Улс ардчилсан үнэт зүйлсээ бататгаж, иргэдийнхээ дуу хоолойг ирээдүйн хөгжилд тусгах бодит боломжтой болно.

Зохиогчдын тухай

Батбаатарын Мөнгөнхишиг (Мөши) – 10 гаруй жилийн турш хөгжлийн бодлого, хүний эрх, харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай хөгжлийн мэргэжилтэн. Тэрээр Хөгжлийн бодлого, практик чиглэлээр магистрын зэрэгтэй, олон улсын хөтөлбөр, төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Сара Прюниер-Дюпарж – Пипл ин Нийд ОУТББ-ын Иргэний нийгэм, оролцоот засаглалын стратегийн ахлах зөвлөх. Тэрээр 20 жилийн турш хүмүүнлэгийн болон хөгжлийн салбарт ажиллаж, иргэний нийгмийн хөгжил, иргэний оролцооны чиглэлээр мэргэшсэн.

Author: Батбаатарын Мөнгөнхишиг & Сара Прюниер-Дюпарж

Холбоотой нийтлэлүүд