Бидний өмнө гэрэлт ирээдүй байна: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол гэр бүлтэй уулзсан нь
Нийтэлсэн 2022 оны 9-р сарын 7 Унших цаг 6 минут“Миний охин болон бидний хувьд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан нь энэ насандаа мартахааргүй үйл явдал боллоо” хэмээн Улаанбаатар хотын оршин суугч Батаагийн Мөнхжаргал догдлон өгүүллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2022 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилсан. Тус айлчлалын үеэр ноён Гутерреш НҮБ-ын салбар байгууллагуудын хэрэгжүүлж буй төслийн төлөөллүүдтэй уулзсан юм. Уулзалтанд агаарын бохирдлыг бууруулах зорилготой Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП (CHIP) багц хэрэглэгчдийг төлөөлөн Б. Мөнхжаргал, А. Болор, тэдний нэг настай охин Нандиа нар оролцсон юм.
“ЧИП төсөлд хамрагдсан туршлагаа хуваалцаж, Монгол төрийн хүндтэй зочинтой уулзах завшаан олдсонд баяртай байна. Би бүүр түүнтэй англиар ярихыг оролдсон. Би түүнд “Сайн байна уу. Миний нэр Мөнхжаргал, эд бол миний гэр бүл. Таны ажил төрөл сайн биз дээ” гэж англиар мэндэлж, ойр зуурын зүйл ярьсан. Харааны бэрхшээлтэй хүн халаалтын төхөөрөмжийг ажиллуулах мэдлэгтэй байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга маш олзуурхаж байх шиг надад санагдсан” хэмээн Мөнхжаргал хэллээ.
Швейцарын хөгжлийн агентлаг санхүүжүүлэн НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Пипл ин Нийд (ПИН) ОУТББ, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП төслийн хүрээнд гэрийн дотор агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, нүүрсэн галлагаатай зуухыг халах зэрэг үр ашигтай шийдлийг бий болгож байна. Мөнхжаргалын адил Монгол гэрт оршин суудаг 1000 гаруй айл ЧИП төслийн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, халаалт, агаар сэлгэлт, дулаалгын цогц шийдэл бүхий багцыг ашиглаж байна.
Монгол гэр нь модон шал, ханатай, эсгий дээвэр, туургатай, дотор болон гадна бүрээстэй байдаг. Төслийн хүрээнд нэмэлтээр уур, ус нэвтрүүлдэггүй завсрын болон дотуур бүрээс, дулаалгатай хормойтой шалавч, хаяавч, дулаалгатай өрх, хатавч, хаалганы дулаалга, агаар соруулах хоолой, агаар оруулах нээлхий зэргээр нэмж дулаалан гэрийг битүүмжилснээр дулаан алдагдлыг бууруулдаг. Мөнхжаргалын гэр бүл таван ханатай гэрт амьдардаг бөгөөд шалны талбайн хэмжээ нь 24-29 квадрат метр.
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц нь Мөнхжаргалын гэр бүл төдийгүй өөр олон өрх гэр бүлийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цэвэр цэмцгэр байдал, цаг хэмнэлт, тав тухыг бүрдүүлж, эерэг нөлөөг авчирч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч байх бүрэн боломжтой бөгөөд ингэснээр эрчим хүчний хараат байдлаас салж, эдийн засгийн боломжоо нэмэгдүүлэхийг тэрбээр онцоллоо.
“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан аз завшаан нь миний охин Нандиа болон бусад хүүхдийн минь ирээдүйг гэрэлтүүллээ” гэж Мөнхжаргал хэллээ.
Мөнхжаргал ЧИП төсөлд хамрагдсан нь
Улаанбаатар хотын хүн амын тал хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хороолол болон үйлдвэрийн яндангаар ялгарч буй утаа нь нүүрс болон түлээг халаалтын зориулалтаар ашиглаж байгаагаас шалтгаалж байгаа бөгөөд өвлийн улиралд агаарыг бохирдуулдаг гол хүчин зүйл юм. Мөнхжаргалын хувьд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой, хүйтэн нийслэл Улаанбаатар хотод эхнэр, 5 хүүхдийн хамт Монгол гэрт амьдардаг. Саяхан болтол Мөнхжаргалынх нүүрс түлж өвлийн хүйтэн улиралд гэрээ дулаацуулдаг байсан.
Нүүрс түлэх нь харааны бэрхшээлтэй Мөнхжаргалд төдийгүй таваас доош насны хүүхдэд хамгийн эрсдэлтэй. Гэрт нь тохиолдсон нэгэн золгүй явдал Мөнхжаргал болон түүний эхнэрийг гэрийн халаалтаа өөр аргаар шийдэх арга зам хайхад хүргэсэн байна. 2019 онд хоёр дахь хүү нь гэртээ тоглож байгаад халуун зуухан дээр унажээ. Эмнэлгийн яаралтай тусламжийг дуудан эмнэлэгт хүргэгдэж, хоёрдугаар зэргийн түлэгдэлт гэсэн онош тавигджээ. Шаардлагатай болон нөхөн сэргээх эмчилгээ удаан хугацаанд үргэлжилж, төдий хэмжээгээр зардал өндөртэй байсан.
“Энэ бол миний амьдралын хүнд үеийн нэг байлаа. Эхнэрийн хашгирах, хүүхдийн орилох дууг сонссон ч, харааны бэрхшээлтэй болохоор тэр үед яг юу болсныг сайн ойлгоогүй. Эхнэр хэлэхдээ зууханд хүүгийн арьс наалдсан байсан, хүүгээ бушуухан татаад авсан гэсэн. Үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь эцэг эх бидний үүрэг шүү дээ” хэмээн Мөнхжаргал ярилаа.
Олон хүүхдийг ахуйн түлэгдэлтээс хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь эцэг эхчүүдийн хувьд санааг зовоодог асуудлын нэг юм.
Нэг жилийн өмнө Мөнхжаргал болон түүний эхнэр Болор ЧИП төслийн талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнээс олж мэдсэн байна. ЧИП багцын цогц шийдэл нь нүүрсээр халдаг зуухнаас салах, үүнтэй холбоотой гэр бүлд учирч буй дарамтыг хөнгөлнө гэдгийг Болор олж мэдэн тэр даруй ЧИП төслийн багтай холбоо барьжээ. Тэдний оршин суугаа хаяг нь Баянзүрх дүүрэгт албан ёсны хаягийн бүртгэлгүй байсан тул ЧИП төслийн ажилтан тэднийг дүүргийн нийгмийн ажилтантай уулзахыг зөвлөсөн бөгөөд энэ нь ч зөв болж тэднийг төсөлд хамруулахыг зөвшөөрчээ. Үүний дараа тэд Баянзүрх дүүргийн иргэдийн танхимд ЧИП багцыг танилцуулах уулзалтад оролцон, төслийн хүрээнд багцаа хүлээн авсан байна. Үүний дараа тэд дүүрэгт болсон ЧИП багцын танилцуулах уулзалтад очиж, дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.
Эцэст нь ЧИП багцыг гэртээ суурилууллаа
“Цахилгаанчаар ажиллаж байгаад 6 жилийн өмнөөс хараагаа алдсан юм. Цахилгаанчин байсан хүний хувьд тэр төхөөрөмж яаж ажилладаг вэ гэдгийг сонирхож байлаа. Тиймээс Баянзүрх дүүрэгт болсон танилцуулах уулзалтад очиж, төслийн баг болон ШУТИС-ийн багш Б.Мөнхбаяртай уулзсан юм. Тэд надад маш дэлгэрэнгүй тайлбарлаж, хэрхэн ажилладаг, аюулгүй байдлыг хэрхэн хангадаг тухай тайлбарласан. Тэгээд энэ нь манай гэр бүлд хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн мөн гэдэгт би итгэсэн” хэмээн Мөнхжаргал ярилаа.
ЧИП багцыг суурилуулснаас хойш өмнөх уламжлалт зуухнаас ихээхэн давуу талтай байгааг тэрээр анзаарсан бөгөөд эхнэр Болор нь ч биеэр мэдэрчээ. Нүүрс түлэх, гэрээ дулаацуулах, хоол хийх зэрэг ажлыг эмэгтэйчүүд ихэвчлэн хийдэг бөгөөд ЧИП багцтай айлын эзэгтэй нар өдөрт нүүрс түлдэг байсан 41 минутыг хэмнэдэг болжээ.
“Би жирэмсэн болохоосоо өмнө нэгэн компанид дуудлагаар үйлчлэгч хийдэг байсан. Оффис, айлын гэр, өөр бас цэвэрлэх ажлыг захиалгаар хийдэг. Захиалга ирэнгүүт биднийг дууддаг учраас зуухны нүүрсийг бэлэн байлгаж, миний эзгүйд нөхөр, хүүхдүүд минь нүүрсээ түлэхэд бэлэн болгодог байсан” хэмээн эхнэр Болор хэллээ.
“Гэвч гэрт 5 хүүхэд байгаа, тэд бэлдэж тавьсан нүүрсээр тоглоно, ам хамартаа хүргэнэ, бас нөхөр бэлдээд тавьсан нүүрсийг олохгүй байх тохиолдол гарна. Харин одоо гэрээ халаахдаа гал түлэлгүй, цахилгаан халаагчаа асаахад л болно” гэж мөн өгүүлэв.
Олон Монгол аав, ээжийн адил Мөнхжаргал, Болор хоёрын хувьд ч гэсэн нүүрс, түлшний утаанаас ялгарч буй химийн нэгдлүүд хүүхдүүдийнх нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа гэдэгт санаа нь зовнидог. Гэсэн ч халаалтын энэхүү шийдлийг авч ашигласнаар нүүрс, зуухыг халж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа билээ.
ЧИП (CHIP) багцын тухай:
Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц нэвтрүүлэх төсөл нь нүүрс түлдэг уламжлалт зуухыг эрчим хүчний хэмнэлттэй халаагуураар орлуулж, агаар сэлгэлт, дулаалгыг цогц байдлаар санал болгож байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь Пипл ин Нийд (ПИН) ОУТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран ЧИП төслийг Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж, айл өрхүүдийг өвлийг өнтэй дулаан давж, аюулгүй, утаагүй тав тухтай орчинд амьдрахад тусалж байна.