Бэлэн мөнгөний яаралтай тусламжийн үр нөлөөний судалгаа: 2021 оны хавар 381 өрхөд мөнгөн тусламж үзүүлэв
Нийтэлсэн 2021 оны 10-р сарын 14 Унших цаг 4 минутХэвлэлийн Мэдээ
Монгол улсын хөдөө орон нутагт амьдардаг өрхүүдийн дийлэнх нь мал ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Харин сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зудын давтамж нэмэгдэж малын хорогдол гарч байгаа нь малчин өрхүүдэд хүндээр тусч байна. Нийт нутгийн 60 орчим хувьд өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл өндөр байгааг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газраас 2021 оны 1-р сард мэдээлж байлаа. Үүнээс гадна Ковид-19 цар тахлын эсрэг авсан арга хэмжээнүүд нь малчин өрхүүдийн нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж өвөлжилтийн бэлтгэл ажилд нь бэрхшээл учруулж байв.
Болзошгүй зудын гамшгийг даван туулахад нь малчин өрхүүдэд үзүүлж болох хамгийн тохиромжтой тусламжийг тодорхойлох зорилготой судалгааны төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ, Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төслийн гол цөм нь зудын эрсдэл өндөр байсан Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсийн гурван аймгийн 381 малчин өрхөд ПИН байгууллагаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх явдал байв. Энэ хүрээнд 2021 оны 3-р сард санамсаргүйгээр сонгогдсон өрх бүрт 150-250 евротой тэнцэх буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн. Судалгааны хүрээнд тус мөнгөн тусламж өрхүүдийн дасан зохицох чадварыг сайжруулж, малын хорогдол болон тэдний сайн сайхан байдалд учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлж чадсан эсэхийг тодорхойлно. Нарийн арга зүй бүхий энэхүү үр нөлөөний судалгаанд ПИК, ҮСХ-той хамтран Монголын баруун бүсээс цуглуулсан чанарын өндөр түвшний өрхийн панел өгөгдлийг ашиглана. Судалгааны дүнд эрсдэлээс урьдчилж үзүүлсэн мөнгөн тусламж нь өрхийн сайн сайхан байдлын түвшинд ямар нөлөө үзүүлсэн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо бий болно. Үүнээс гадна, салбарын оролцогч талуудад тусламж хэрэгцээтэй бүлэг болон гамшгийг даван туулахад нь нэн шаардлагтай мөнгөн дүнг системтэйгээр тооцох боломжийг олгох шийдвэр гаргах хэрэглэгдэхүүнийг боловсруулах юм.
Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ-ын тухай: ПИН нь Монгол дахь үйл ажиллагаагаа 2009 оны зудын гамшигт нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагаагаар эхлүүлж байв. Өдгөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарт болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр 20 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK)-гийн тухай: PIK нь 1992 онд Герман улсад байгуулагдсан, олон нийтийн санхүүжилттэй судалгааны хүрээлэн бөгөөд Лейбницын нийгэмлэгийн гишүүн юм. PIK нь дэлхийн уур амьсгалын нөлөөллийг судалдаг бөгөөд тогтвортой ирээдүйн төлөө шинэ нээлт, шийдлүүд гаргадаг салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Энэхүү судалгааны төслийг PIK-ийн Тэгш эрх, хүний хөгжлийн FutureLab хариуцан хэрэгжүүлж байна.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой зүйлсийг Пипл Ин Нийд байгууллагын Хамтын ажиллагааны менежер М.Номингоос тодруулах боломжтой: nomin.munkhjargal@peopleinneed.cz