Цахим ур чадварыг ахиулсан нь: Орон нутаг дахь амжилтын түүхүүд
Нийтэлсэн 2025 оны 9-р сарын 29 Унших цаг 3 минут Sdílet: Sdílet článekӨмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн цахим хэрэглээнд бодит нөлөө үзүүлж байна. Малчид, ахмад настан, эмэгтэй бизнес эрхлэгчид цахим платформуудыг илүү аюулгүй, үр дүнтэйгээр ашиглах ур чадвартай болжээ. “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтууд иргэдийн өдөр тутмын дадал зуршлыг өөрчилж байна. Хүмүүс зөвхөн ямар цахим хэрэгсэл, програм хангамжууд ашиглах боломжтой талаар олж мэдээд зогсохгүй, тэдгээрийг тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглаж сурчээ.

“Хүндлэл бахархал” ТББ-ын үүсгэн байгуулагч Э. Ууганбямба
Сэтгэл судлаач мэргэжилтэй, нийгмийн ажилтнаар долоон жил ажилласан туршлагатай Э. Ууганбямба 2023 онд “Хүндлэл бахархал” ТББ-ыг байгуулжээ. Тэрээр орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудаас DICE төслийн хүрээнд хэрэгжиж буй сургалтуудын тухай сонсоод тэр даруй энэ сургалтын нийгмийн сайн сайхан байдалд үзүүлэх эерэг нөлөөг олж харсан байна.
Тэрээр олон хүн өөрсдийгөө цахим хэрэгслийг сайн ашиглаж чадна гэж боддог ч сургалтын явцад өнгөцхөн мэдлэгтэй байснаа ойлгосон гэдгийг онцлов. E-Mongolia, Google Forms, Canva зэрэг платформууд сургалтад оролцогчдын төсөөлснөөс ч илүү өргөн боломж олгодог ажээ. Цахим аюулгүй байдлын талаарх сургалт нь оролцогчдын хувьд бас нэгэн шинэ нээлт болсон байна. Хүмүүс иргэний бүртгэлийн дугаар зэрэг хувийн мэдээллээ хамгаалахын ач холбогдлыг ойлгон, хоёр шатлалт баталгаажуулалт (two factor authentication) зэрэг энгийн алхмууд цахим халдлагад өртөх эрсдлээс хэрхэн сэргийлдэг талаар ойлгож авчээ.
DICE төслөөс олгосон тэтгэлгийн хүрээнд түүний санаачилсан төсөл Өмнөговь аймгийн гурван суманд гурван сарын турш хэрэгжсэн. Өмнө нь төрийн үйлчилгээг авахад бусдын тусламж шаардлагатай байсан нэг малчин E-Mongolia-гаар төрийн үйлчилгээг бие даан авч сурчээ. Харин өөр нэг оролцогч банкны аппликэйшнд нэвтрэх нууц үгсээ гар утасныхаа ард нааж явдаг байсан бол сургалтын дараа нууц үгсээ илүү найдвартай хадгалах аргад суралцан, ашиглах болжээ.
“Тогтвортой хөгжилд таны тэмүүлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц. Адьяасүрэн
“Тогтвортой хөгжил таны тэмүүлэл” ТББ нь Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумын бизнес эрхлэгчдэд зориулан “Бизнесээ автоматжуулъя” төсөл хэрэгжүүлжээ. Сургалтын онцлог нь цаг хэмнэж, алдааг бууруулах практик хэрэглээтэй хэрэгсэлүүдийг ашиглахад түлхүү анхаарсанд оршино. Сургалтын агуулгад олон улсад өргөн хэрэглэгддэг хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшнүүд, төрийн цахим худалдан авалтын систем, нэгдсэн нягтлан бодох бүртгэлийн цахим платформуудыг багтаажээ.
“Тунамал Сэлэнгэ” ТББ-ын ТУЗ-ийн дарга Д. Мядагсүрэн
“Тунамал Сэлэнгэ” ТББ-ын үйл ажиллагаа Даланзадгад сумын ахмад настнуудад чиглэжээ. Тэтгэлэгт төслийг санаачлан хэрэгжүүлэгч уг байгууллага нь гурван сарын хугацаанд төслийн зорилтот багуудыг сонгон авч, Даланзадгад сумын дөрвөн багт есөн удаагийн сургалт зохион байгуулан, хоёр зуу гаруй хүнд хүрч ажилласан байна.
DICE төслийн хүрээнд мөн сургагч багш нарт зориулсан хэрэглэхэд хялбар гарын авлага боловсруулагдсан. Энэ нь сургалтыг хэрхэн төлөвлөх, хэдэн сургагч багш ажиллуулах, ямар сэдэвт илүү ач холбогдол өгөх зэргийг тайлбарласан бөгөөд төслийн дараа ч урт хугацаандаа үндсэн эх сурвалж болж үлдэх юм.
Өмнөговь аймгийн Домгийн говь явган алхалтын холбооны тэргүүн С. Батдэлгэр
Домгийн говь явган алхалтын холбоо эхлээд орон нутгийн удирдлагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн нэгдсэн сургалт зохион байгуулсан бол дараагаар нь гучин ахмад настнуудад зориулан гүнзгийрүүлсэн сургалт явуулжээ.
Цаашид
Европын Холбооны санхүүжилттэй “Пипл ин Нийд” ОУТББ болон “Фаро Файнудэйшн” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй DICE төсөл нь Өмнөговь аймгийн иргэдийн итгэл, цахим ур чадвар, аюулгүй байдлыг бэхжүүлж байна. Малчид, ахмадууд, бизнес эрхлэгчдийн хувьд энэхүү сургалтууд нь тэдний өдөр тутмын амьдралыг өөрчилж эхэлжээ.
Орон нутгийн ИНБ-ууд иргэдийг өмнө нь хүртэж чаддаггүй байсан үйлчилгээ, боломжуудтай нь холбох ур чадвартай болсон байна. Тэтгэлэгт төслийг хэрэгжүүлэгч ТББ-ын тэргүүн Ууганбямбын дурдсанчлан бидний зорилго их энгийн билээ. Өнөөдөр нэг хүнд боломжит цахим хэрэгслүүдийг ашиглан асуудлаа шийдэхэд нь туслаад, үүнийг олон нийтэд чиглүүлэх замаар дижитал хүртээмжийг нийтлэг хэвшил болгоход оршиж байна.