Пипл ин Нийд Монгол байгууллага Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг хийлээ

Нийтэлсэн 2024 оны 12-р сарын 11 Унших цаг 4 минут
Пипл ин Нийд Монгол байгууллага Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг хийлээ
© Foto: PIN Mongolia

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНЧУ-д төвтэй Пипл ин Нийд ОУТББ (ПИН) 2024 онд Баян-Өлгий болон Ховд аймгийн малчин өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “REACH” гамшгийн дараах нөхөн сэргээх тусламжийн төслийг хэрэгжүүллээ. Зудын үед малчин эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавихад ихээхэн хүндрэлтэй байдаг. Хүүхдүүд малаа маллахаар явах, сургууль завсардах, эсвэл хараа хяналтгүй үлдэх тохиолдлууд гарч аюулгүй байдал, сайн сайхан байдалд нь эрсдэл учирдаг. Мөн мал сүргээ алдах нь эцэг эхчүүдэд сэтгэлзүйн хүнд дарамт үүсгэж, хүүхдүүдэд сөрөг нөлөө бүхий орчныг бий болгодог. ПИН эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

“Төслийн хүрээнд манай сумын зудад нэрвэгдсэн 15 малчин өрхийг сонгон, айл нэг бүрээр орж үнэлгээ хийсэн. Тэр айлууд бол хүүхэд хамгааллын эрсдэлтэй хэмээн бидний таамагласан айлууд. Үнэлгээний явцад миний анзаарсан зүйл бол эдгээр айл эрсдэлтэй гээд бид үнэлгээ хийж байгаа. Гэтэл эрсдэлтэй гэгдээгүй бусад малчин өрхөд ямар асуудал гарч, хүүхэд хохирч байгааг бид мэдэхгүй. Хүнийг хараад дүгнэхэд бэрх. Тиймээс болж өгвөл бүх малчдын гэрээр явж, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй гэдгийг мэдсэн” хэмээн Ховд аймгийн Мянгад сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, хүүхэд хамгааллын хамтарсан багийн кейс менежер Д.Батцацрал ярьсан юм. 

Уг төслийн нэг чухал хэсэг нь, магадгүй ижил төстэй бусад төсөл, хөтөлбөрөөс ялгаатай нь 270 малчны гэрээр нэг бүрчлэн очиж, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх ажил байсан билээ. Учир нь зудын үед малчин эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал багасаж, хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээх, цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдээ малд явуулах, туслалцааг нь авахын тулд хичээлийг нь таслуулах үзэгдэл нэмэгддэг. Түүнчлэн малаа алдаж, сэтгэл санаагаар унасан малчин эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ уур бухимдлаа гаргах зэргээр сэтгэл зүйн шинжтэй эрсдэл хүүхдэд тулгарах хандлагатай байдаг. 

Зуд гэлтгүй жирийн үед ч малчдын гэрээр очиж, нийгмийн суурь үйлчилгээ, түүн дотор хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь тэр бүр хийгээд байдаг ажил биш. Тиймээс энэхүү үнэлгээг төслийн нэг гол хэсэг болгон сонгосон билээ. Уг үнэлгээнд 794 малчин эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд хамрагдаж, илэрсэн эрсдэлийг бууруулах, арилгах зөвлөгөөг тус аймгуудын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдээс авчээ.

Энэхүү эрсдэлийн үнэлгээг Баян-Өлгий, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд хийсэн. Үнэлгээнээс өмнө тэдгээр мэргэжилтэнд зориулан зориулан эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйн сургалтыг аймаг тус бүрд төслийн хүрээнд 2024 оны 06-р сарын эхэн хагаст зохион байгуулсан юм. 

“6-р сард аймгийн төвд болсон “Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй” сургалтад сууж, хийх ажлынхаа талаар чиглэл аваад, тэр сарынхаа сүүлээр малчин өрхүүдээр явж үнэлгээ хийсэн. Өмнө нь янз бүрийн ажлаар малчин өрхүүдээр явж байсан. Гэхдээ сургалтад суугаад, тэгээд үнэлгээ хийхээр хандлага өөрчлөгдөж, одоо малчин айлуудаар орохдоо гэр орны нөхцөл байдал ямар байна, хүүхэд нь ямар байна, хүүхдэд эрсдэлтэй зүйл байна уу, эцэг, эх нь хүүхэдтэйгээ яаж харилцаж байна гээд өөрийн эрхгүй ажиглаж хардаг болчихсон” гэж Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүн Б.Бат-Эрдэнэ ярьсан юм. 

Төслийн хүрээнд хийсэн хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ нь зөвхөн малчин эцэг, эх, асран хамгаалагч, хүүхдэд төдийгүй сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд хандлагын өөрчлөлт авчирсныг энэхүү яриа гэрчилж байна.

“Би хүүхэд хамгааллын байгууллагад 19 жил ажиллаж байна, энэ хугацаанд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх ажлаар малчин өрхүүдээр явж байгаагүй. Харин төслийн хүрээнд хийсэн энэ үнэлгээ анхных байсан. Өмнө нь хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирвэл явж үнэлгээ хийж, хүүхдийг хамгаалах арга хэмжээ авдаг байсан. Гэхдээ энэ ажилд оролцсоны дараа хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирээгүй ч малчин өрхөөр явж, эрсдэлийг илрүүлэх, илэрсэн эрсдэлийг бууруулах зөвлөгөө, мэдээлэл малчдад өгч байх хэрэгтэй юм байна гэж бодсон” хэмээн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн учирлав.

Хүүхэд хамгааллын үнэлгээнд хамрагдсан 270 малчин өрх тус бүрд нэг удаагийн тусламж болгон 660,000 төгрөг олгосон юм. Энэхүү мөнгөн тусламжийг малчид хүүхдүүдийнхээ сургууль, хичээлийн бэлтгэл хийхэд голлон зарцуулсан нь судалгаагаар ил болсон. Малчин өрхүүдийн хувьд хүүхдийн хичээл, сургуулийн бэлтгэлийг хангахад мөнгө мэдээж шаардагддаг, сургуулийн насны хүүхэд олон байх тусам энэ асуудал хүндрэх нь тодорхой. Дээрээс нь зудад малаа хорогдуулсан, эсвэл малаа амьд авч гарах гэж өр зээл тавьсан бол асуудал улам л хүндэрнэ. Тиймээс төслийн хүрээнд малчин өрхүүдэд өгсөн бэлэн мөнгөний тусламж нь зудаас үүдсэн санхүүгийн дарамтыг багасгахад чиглэснээр зогсохгүй, хүүхдийн сурч боловсрох хэрэгцээг тасралтгүй хангахад чухал нөлөөтэй байсан. 

Уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хамгийн түрүүнд амсаж байгаа хүмүүс бол яах аргагүй малчид учраас дасаж зохицох, цаашдынхаа гарцыг бодох завсарт нь ажил, амьдралд нь дэм болох нь чухал. 

REACH төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжиж, зуданд нэрвэгдсэн алслагдсан аймгуудын малчин өрхүүд болон тэдний хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хэрэгцээг хангахад чиглэгдсэн юм.

Autor: Togtokhmaa Zagir (MEAL Manager)