Гэрийн халаалт, дулаалгын багцыг Орхон аймгийн зорилтот бүлгийн өрхүүдэд өглөө

Нийтэлсэн 2022 оны 12-р сарын 1 Унших цаг 3 минут
Гэрийн халаалт, дулаалгын багцыг Орхон аймгийн зорилтот бүлгийн өрхүүдэд өглөө
© Foto: ПИН

Орхон аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг хүлээлгэж өглөө.

Монгол улс, Орхон аймаг – Өнөөдөр Орхон аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг хүлээлгэж өглөө.

Энэхүү багц нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах, айл өрхийн дотор орчны бохирдлыг бууруулах, тав тухтай, дулаан өвөлжих боломжоор хангасан, өрхийн санхүүд хэмнэлттэй бодит шийдэл юм. Бүтээгдэхүүнийг ашиглахад хялбар, гэрийг жигд хэмээр халаах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадна болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой.

Дээрх бүтээгдэхүүнийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол Улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол болон олон улсын инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн юм.

ЧИП багцыг 2020 оноос эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 1000 орчим айл өрхөд орон нутгийн санхүүжилт, ногоон зээлийн санхүүжилттэйгээр нэвтрүүлээд байна. Энэ ажлыг “Пипл Ин Нийд” ОУТББ, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Пипл ин Нийд ОУТББ-ын Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг нар Орхон аймагт 10-р сарын сарын 23-25-нд ажиллаж байна.

Энэ үеэр ард иргэдэд ЧИП багцын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Гэр мэдээллийн төв”-ийг нээв. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Орхон аймгийн засаг дарга С. Батжаргал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна.

“Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад яам, агентлаг, хөгжлийн түншүүдтэйгээ хамтран агаарын бохирдлыг бууруулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэдгээрээс амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлсэн “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” төсөл юм” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ хэлэв.

“Агаарын бохирдол хот суурин газар, түүнчлэн аймгийн төвүүдийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Тус төслийг Орхон аймагт хэрэгжүүлснээр, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Аймгийн зүгээс тус төслийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллана“ гэж Орхон аймгийн засаг даргын орлогч А. Түвшинжаргал хэлэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “ЧИП багц бол шинжлэх ухааны үндэслэлтэй, монгол болон олон улсын шилдэг дизайнерууд, инженер, үйлдвэрлэгчид хамтран гаргаж ирсэн шийдэл юм. Энэ багцыг илүү олон айл өрхөд хүргэх нь бидний зорилт. Ингэж чадвал бид илүү олон хүүхэд, жирэмсэн эхчүүд, гэр бүлийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалж чадна” гэв.

.

ЧИП багцын дэлгэрэнгүй мэдээллийг “Агаар Нэг” https://www.facebook.com/agaarneg.mn фэйсбүүк хуудсаас авах боломжтой.

Холбоо барих:

Д. Ариунзаяа, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, НҮБ-ын Хүүхдийн Сан

adavaa@unicef.org

П. Тина, Нөлөөлөл, мэдээлэл харилцааны мэргэжилтэн, Пипл ин Нийд ОУТББ

tina.puntsag@peopleinneed.net

Autor: П. Тина, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн,, Өнөөдөр Орхон аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг хүлээлгэж өглөө.

Холбоотой нийтлэлүүд