Нийгмийн оролцоо ба хамгаалал

Нийгмийн оролцоо ба хамгаалал


Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, илүү хүртээмжтэй болгох хэрэгцээ шаардлага тулгараад байгаагаас гадна гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь үндэсний хэмжээний асуудал болоод байгаа. Энэ хүрээнд ПИН дараах үйл ажиллагааг явуулдаг:

  • эрсдэлд орсон, нийгмээс тусгаарлагдсан бүлгийн аюулгүй байдлыг хангах хэвтээ, босоо тэнхлэгт сүлжээг өргөжүүлэхийг сурталчлах,
  • сургуульд жендэрийн мэдрэмжтэй заах аргыг нэвтрүүлэхийг уриалах,
  • орон нутгийн нэр нөлөө бүхий хүмүүс, үндэсний үйлдвэрлэгчид, идэвхитэй ИНБ, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран нийгмийн эерэг хэм хэмжээг сурталчлах,
  • олон нийтийн хамгааллыг сайжруулж, эмэгтэйчүүдийг чадавхижуулсанаар эмзэг бүлгүүдийг дэмжих
Бүтэн текст Текст багасгах

Өнгөрсөн тусламжийн хөтөлбөрүүд

Явуулын эмнэлэг төсөл

Явуулын эмнэлэг төсөл

Хэдийгээр аймаг сумын төвүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ байдаг боловч алслагдсан орон нутагт амьдардаг хүмүүс нарийн мэргэжлийн эмч нар, орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээ авах боломжгүй байдаг. ПИН-ийн эрүүл мэндийн хөтөлбөр нь хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Монгол улсын баруун ба өмнөд хэсгийн зургаан аймгийн малчдад жилийн турш эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
Эрчүүд, хөвгүүдийн оролцоог сайжруулах замаар эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь

Эрчүүд, хөвгүүдийн оролцоог сайжруулах замаар эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь

Монгол улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн томоохон асуудал бөгөөд үндэсний хэмжээнд анхаарал хандуулдаг. НҮБ-ын Хүн амын сан / Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа бие махбодийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд найман хүн амь насаа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэний 89% нь эмэгтэйчүүд, 7.7% нь хүүхдүүд гэж бүртгэгджээ. Мөн дээрх судалгаагаар 10 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд насандаа буюу 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ. КОВИД 19 цар тахлын хөл хорионы улмаас гэр бүл дэх хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй уур амьсгал өсч байлаа.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч байгааг  зогсоохоор ПИН, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфемнет, Эрчүүд, эрүүл мэнд гэр бүл ТББ хамтран "Цагаан тууз" аяныг хэрэгжүүлж байна. Энэхүү кампанит ажлын зорилго нь эрчүүдийг уриалан дуудаж, хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох явдал юм. УИХ энэ асуудлаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход эрчүүд, хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа гэж Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар мэдэгдээд байна.
Нэг сургууль-Нэг дэлхий төсөл

Нэг сургууль-Нэг дэлхий төсөл

Монгол Улсын нийгмийн өнөөгийн байдал нь гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, дотооддоо болон гадаадад бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл өндөр түвшинд байгаагаараа онцлог юм. Энэ болон бусад тулгамдсан асуудлууд нь улсын болон хувийн дунд сургуулийн сурагчид, тэдгээрийн багш нарт зориулсан баримтат кино ашиглах сургалтын хөтөлбөрийн гол агуулга юм. Үүний зорилго нь хүний эрхийн асуудлаар залуучуудын мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудыг DVD, гарын авлага, ажлын хуудсаар хангасан. Багш нар хүний эрхийн сургалт хийх арга зүйн болон бодит мэдлэгээ дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдаж байлаа. Сурагчид сонгосон баримтат киног үзээд хэлэлцүүлэг зэрэг дараагийн үйл ажиллагаанд оролцдог. 2012 онд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн 20 сургуулийн 1500 сурагч, 50 багш энэ хөтөлбөрт оролцсон.

2013 онд багш нарт зориулсан баримтат кино, дидактикийн нэмэлт материал бүхий тусгай боловсролын багцыг гаргаж Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн 23 сургуулийн 52 багшид хүлээлгэн өгсөнөөс гадна баримтат киног ашиглах болон удирдан чиглүүлэх арга зүйн сургалтанд хамрууллаа. 2013 онд хүний эрхийн талаар баримтат кинонуудыг 8000 орчим сурагчдад үзүүлсэн байна. Шинээр кино клубууд нээгдэж анхны үзвэрт нь нийт 520 гаруй сурагч оролцов.

2014 онд "Нэг сургууль- Нэг дэлхий" хөтөлбөрт Архангай, Өвөрхангай, Төв, Говь-Сүмбэр аймгууд, Улаанбаатар хот хамрагдаж хичээлийн жилийн хугацаанд 20 дунд сургуулийн 14-19 насны сурагчид оролцлоо.

Чех, Ливан, Армян, Гүрж болон бусад улсын сургуулиудад хэрэгжсэн "Нэг сургууль- Нэг дэлхий" хөтөлбөрийн арвин туршлагаас харахад хүний эрхийн сэдвийг сургуулийн хөтөлбөрт оруулах нь урт хугацаандаа иргэний нийгмийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоог сайжруулна гэж ПИН найдаж байна.
Явуулын эрүүл мэндийн үйлчилгээ

Явуулын эрүүл мэндийн үйлчилгээ

Урьд амжилттай хэрэгжүүлж байсан "Явуулын эмнэлэг" төслийн туршлага дээрээ үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ), Эрүүл мэнд, спортын яам, аймгуудын эрүүл мэндийн газруудад өгсөн чиг үүргийг биелүүлэхэд нь бид анхан шатны үнэлгээ, боловсруулалт хийхэд техникийн туслалцаа үзүүлсэнээс гадна гарын авлага гаргаж сургалт, семинар бэлтгэн зохион байгуулж үндэсний түвшинд сурталчлах ажлыг хийлээ. Арга зүй, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулснаар бид алслагдсан хөдөө орон нутгийн хүн амд илүү хүртээмжтэй эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм.