Пипл ин Нийд (ПИН) ОУ-ын ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Батбаатарын Мөнгөнхишиг томилогдлоо
Нийтэлсэн 2022 оны 11-р сарын 22 Унших цаг 2 минутПипл ин Нийд (ПИН) ОУ-ын ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Батбаатарын Мөнгөнхишиг томилогдлоо
Пипл ин Нийд (ПИН) ОУ-ын ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Батбаатарын Мөнгөнхишиг томилогдлоо. Б. Мөнгөнхишиг нь Тайландын Бангкок дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт тус бүс нутгийн нийт 27 орны 13 суурин төлөөлөгчийн газрыг дэмжин мэдлэгийн менежментийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
Өмнө нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Мэдлэгийн менежментийн мэргэжилтэн, мэдээлэл харилцааны ажилтан болон зөвлөх, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагууд, мөн Азийн хөгжлийн банк (АХБ), Хилийн чанад дахь нөхдийн туслалцаа (VSO), Олон улсын Судалгааны гурвалжин санаачилга (RTI) зэрэг олон улсын байгууллагуудад ажилласан.
Тэрээр Швейцарийн Женевийн Олон улсын харилцаа, хөгжлийн эрдмийн сургуулийг хөгжлийн бодлогын магистр, Филиппиний их сургуульд Хөгжлийн харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн юм.
Өмнөх Суурин төлөөлөгч Тим Жэнкинсийн Монгол Улсад ажиллах хугацаа нь 11сарын 1-нд дуусгавар болсон бөгөөд тэрээр Пипл ин Нийд ОУТББ-ын Баруун Балкан дахь бүсийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын тухай.
Пипл ин Нийд ОУТББ 2009 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг чадавхжуулах , хүний эрхийг дээдэлсэн, өөрчлөлтийн хөдөлгөгч хүч, тэгш боломжоор хангагдахад дэмжлэг үзүүлдэг. ПИН нь шуурхай тусламж үзүүлэхээс гадна хоршоо, жижиг, дунд үйлдвэр болон иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагуудын чадавхийг нэмэгдүүлж, тогтвортой амьдралыг дэмжих, дээд боловсролыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.