НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурлын үеэр монгол кино гаргана
Нийтэлсэн 2021 оны 10-р сарын 29 Унших цаг 3 минут Sdílet: Sdílet článekХэвлэлийн Мэдээ

Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Монголын тэнгэр, газар өөрчлөгдөж, айл өрхүүд өвөг дээдсийнхээ нутгаас хот суурин газар руу нүүхэд хүрч байна. Зуд, ган, цөлжилт, ой хээрийн түймэр зэрэгт өртсөн ч хэн ч анзаардаггүй Монголын олон арван мянган өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт нь хаа холын мэдээ биш, өнөөгийн бодит байдал болоод байна.
Чухам энэ тухай өгүүлэх “Өөрчлөгдөж буй тэнгэр” нэртэй богино хэмжээний баримтат киног Шотландын Глазгоү хотноо болж буй дэлхийн уур өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын Талуудын 26-р бага хурлын үеэр танилцуулах гэж байна. Энэхүү кинонд нийгмийн төлөөлөл, ялангуяа хүүхдийн байр сууринаас монголчуудын өмнө тулгарч байгаа асуудал, сорилтыг харуулжээ.
Эдгээр хүүхдүүдийн нэг нь агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Ану-Үжин бөгөөд түүний сэтгэл хөдөлгөм яриа томчуудад байгаль дэлхийг хамгаалах үүрэг хариуцлагыг нь сануулж байна.
Ану-Үжин болон Монголын нийгмийн төлөөлөл оролцсон “Өөрчлөгдөж буй тэнгэр” кино нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Засгийн газар, бизнес эрхлэгчдийг зөвхөн яриад байх бус бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа тодорхой өөрчлөлт хийхийг уриалж байна. Глазгоү хотод болж буй дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөллүүдийн уулзалт, хэлэлцээрийн үеэр тэр бүр сонсоод байдаггүй хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх зорилгоор энэ киног бүтээсэн юм.
“Уур амьсгалын хямрал амьдралын бүхий л хэсэгт нөлөөлдөг тул мөн хүүхдийн эрхийн хямрал гэдэгт эргэлзэх зүйл байхгүй билээ." гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч, Др. Спесиоз Хакизимана хэллээ. “Дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг харж, зөвхөн өөрсдийнхөө төдийгүй хамгийн залуу иргэдийнхээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдэх ёстой. Монгол шиг олон орон дангаараа үүнийг хийж чадахгүй байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сангаас улс орнуудыг энэхүү хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байна” гэлээ.
Дэлхийн нэрт эрдэмтдийн хамтран гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх саяхны тайланд хүлэмжийн хий болон байгаль орчинд үзүүлэх бусад хор хөнөөлийг яаралтай бууруулах арга хэмжээ авахыг засгийн газар, олон нийтэд уриалан шаарджээ.
Ашер Свиденский болон Пипл ин Нийд ОУТББ-ын хамтран бүтээсэн энэ бүтээл нь Монгол Улсын нийгмийн олон төлөөллийг оролцуулсан, хүчирхэг дүрслэлтэй, сэтгэл хөдөлгөм кино юм. Уг киног Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбоо хамтран дэмжин санхүүжүүлжээ.
***
НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.unicef.mn хаягаас авна уу.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн сошиал платформуудыг дагаарай. Facebook, Twitter, YouTube
ПИН ОУБ-ын тухай
Пипл ин Нийд нь Монгол Улсад 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг чадавхжуулах, хүний эрх, тэгш боломжийг сайжруулахаар зорин ажиллаж байна. ПИН нь онцгой байдлын тусламж үзүүлэхээс гадна хоршоо, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих, дээд боловсролыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг www.peopleinneed.cz болон Фэйсбүүк хаяг: @PINinMongolia -аас авна уу.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Пипл Ин Нийд ОУТББ-ын Хамтын ажиллагааны менежер М. Номинтой холбогдоно уу. nomin.munkhjargal@peopleinneed.cz