Монгол Улсын хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд Европын Холбоо дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн 2022 оны 3-р сарын 16 Унших цаг 4 минут
Монгол Улсын хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд Европын Холбоо дэмжлэг үзүүлнэ
© Foto: Nomin Munkhjargal, PIN Mongolia

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Улаанбаатар, Монгол Улс

Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар гүнзгийрсээр байна. Нэн ялангуяа бараа материал, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний импорт буурсантай холбоотойгоор Монгол улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсч эхэлсэн. Монгол улсын хүнс, ундааны үйлдвэрлэл импортоос өндөр хамааралтай байгаа нь үндэсний хэмжээний эрсдэл дагуулах асуудал тул, цаашид газар тариаланд суурилсан хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарыг бие даасан болгож бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. 

Европын Холбооны SWITCH-Asia programme хөтөлбөрийн 1.76 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих “SWITCHING ON THE GREEN ECONOMY” (SOGE), “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төслийн хүрээнд газар тариаланд суурилсан хүнс, ус, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид (БЖДҮ), борлуулагчдыг доорх арга замаар дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна. Үүнд:

  • БЖДҮ, борлуулагчдын бүтээгдэхүүн үйлчилгээг ногоон шошготой болгон баталгаажуулах
  • Тэдэнд чиглэсэн ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Илүү байгальд ээлтэй, үр ашигтай ажиллах, эдийн засгийн сайн туршлагыг дэлгэрүүлэх юм.

Хэрэглэгчдийн дотоодод үйлдвэрлэсэн ногоон шошготой хүнс, ус, ундааны худалдан авалт нэмэгдсэнээр үндэсний үйлдвэрлэл хөгжих, үндэсний үйлдвэрлэгчдийн тогтвортой байдал хангагдах суурь нөхцөл бүрдэх юм.


Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ)” төсөл нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 27.2%-иар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хувь нэмэр оруулах бөгөөд Монгол Улсын газар тариалангийн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй Свич Эйшиа хөтөлбөрийн анхны төсөл юм. Тус төслийг Пипл ин Нийд (ПИН), Каритас Чех Репаблик (КЧР) болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл ТББ-ууд хамтран хэрэгжүүлж хүнс, ус, ундаа үйлдвэрлэдэг 1,500 БЖДҮ, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн 30 холбоо болон 750 борлуулагчидтай ажиллах юм.

Энэхүү төсөл нь “Европын холбооноос дэвшүүлсэн Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна. “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төсөл нь байгаль орчны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй хүнсний нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнс, ундааг сурталчлах болногэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз төслийн ач холбогдлын талаар дүгнэж хэллээ.

"Монгол Улсын Засгийн Газрын зүгээс манай орны эдийн засгийг ногоон болгоход үзүүлж буй Европын Холбооны дэмжлэг, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Бид “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төслийн хүрээнд нэвтрүүлэх Европын холбооны “Тариаланчаас таны ширээнд” стратегид суурилсан ногоон шошгожуулалтаар дамжуулан БЖДҮ, бизнесүүдийг ногоон шилжилт хийхэд нөлөө үзүүлэх энэхүү төсөлтэй нягт хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байх болно” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дэд сайд Г.Түвдэндорж мэдэгдлээ.


“Европын холбооны зүгээс оруулж буй энэ чухал хувь нэмэрт бид талархаж байна. Монгол улсын засгийн газар нь газар тариалангаас гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарыг бэхжүүлэхэд Европын холбоо болон “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төслийн багийг дэмжих үүрэг хүлээнэ” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцлон тэмдэглэлээ.

Бид эдийн засгийг сэргээхийн зэрэгцээ илүү ногоон болгоход онцгой анхаарах ёстой. Энэхүү төсөл нь Европын холбооны “Тариаланчаас таны ширээнд” зарчим, Европын холбооны Ногоон хэлцэл (farm-to-fork strategy, EU Green Deal) болон дэлхийн бусад шилдэг туршлагуудаас нэвтрүүлэх замаар Монгол Улсын ногоон хөгжилд дэмжлэг үзүүлэх юм. Энэ чухал ажлыг бидэнд итгэж даатгасан Европын холбоо, Монгол улсын засгийн газар, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад гүнээ талархаж байна” гэж ПИН-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Тим Женкинс онцлон дурдлаа.

Хүнс үйлдвэрлэлийн салбарын байгаль орчинд учруулах нөлөө үлэмж учраас нүүрстөрөгч буюу хүлэмжийн хийн ялгарлыг багасган тус салбарыг тойрог эдийн засагт шилжүүлэх замаар ядуурлыг хурдацтай бууруулах хэрэгцээ шаардлага ихэссээр байна. Төслийн хүрээнд Европын Комиссын хэрэгжүүлж буй байгалийн нөөцөд хэмнэлттэй шинэлэг арга зам болох “Тариаланчаас таны ширээнд” зарчмаас суралцаж Монгол улсад нутагшуулах боломж бүрдээд байна.

Хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарын оролцогч талуудыг “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төсөлд татан оролцуулж эдийн засгийг ногооруулахад төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд хичээн ажиллах болно.

                                                                                                   * * *

Switch Asia (Свич Эйшиа) хөтөлбөр:

Энэхүү хөтөлбөр нь Азийн орнуудын нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Ази дахь тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээний хэв маягийг дэмжих, Ази, Европын хоорондох нийлүүлэлтийн сүлжээг илүү ногоон болгох зорилготойгоор хэрэгждэг.

Холбоо барих:

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл харилцаа холбооны менежер М. Номинтой, төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл төслийн менежер Г. Лхагвасүрэнтэй холбогдоно уу. nomin.munkhjargal@peopleinneed.net, lkhagvasuren.galbadrakh@peopleinneed.net

утас : 7011 1501

Autor: PIN Mongolia