Монгол Улс дахь ШХА, ХБНГУ-ын Элчин сайдын яам болон Пипл ин Нийд ОУТББ “Хэнийг ч Орхигдуулахгүй” яаралтай тусламжийн төслийн хүрээнд айл өрхүүдэд тусламж үзүүллээ
Нийтэлсэн 2021 оны 6-р сарын 26 Унших цаг 4 минутHuman Interest Story
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд [Ковид 19-ийн улмаас] сэтгэл зүйн болон оюун санааны маш олон хүнд асуудлуудтай тулгарч байна. Тэдэнд өдөр тутмын хэрэгцээтэй зүйлc авах нэн тэргүүний шаардлагатай байна "хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр хэллээ.
Ковид 19 цар тахлын халдвар Монгол улсад алдагдаж, тархсан тухай мэдээ гарснаар, 2020 оны 11-р сарын 13-ны өдөр орон даяар хөл хорио тогтооход хүрсэн.
Монгол улсын хэмжээнд Ковид19-ийн цар тахалтай тэмцэж,хатуу хөл хорионы арга хэмжээ авснаар олон мянган гэр бүл ядууралд өртөхөд бэлэн байна. Дэлхийн банкны судалгаагаар цар тахлаас өмнө Монгол Улсын ядуурлын түвшин ойролцоогоор 28.4 хувьтай байсан билээ.
Хүмүүст туслалцаа үзүүлэх гэж тэмцэж буй олон байгууллагуудын нэг бол “Түгээмэл хөгжил” төв юм.
“Манай төвийн хувьд бидний үйл ажиллагаа сүүлийн 4-5 сарын хугацаанд бүрэн зогссон. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтууд хаагдаж,энэ нь цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоонд нөлөөлөх болно” хэмээн Ч.Ундрахбаяр хэллээ.
Ядуурлын ирмэг дээр байгаа олон гэр бүл, мөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэхийн тулд Пипл Ин Нийд Олон улсын Төрийн бус байгууллага (ПИН) нь“и-ваучер”олгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тусламжид хамрагдсан иргэд 4 үе шаттайгаар өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай зүйлсээ сонгон авах боломжтой болох юм.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) болон ПИН нь 1598 иргэн болон тэдний гэр бүлийнхэнд, тухайлбал, дотуур байранд амьдардаг оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд энэхүү и-ваучерааp яаралтай тусламж үзүүлсэн.
Төслийн хүрээнд Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн иргэдэд 100'000 төгрөгийн үнэ бүхий хоол хүнс, үндсэн хэрэгцээний зүйлсээ супермаркетаас худалдан авах болон эмийн caнгаар үйлчлүүлэх “и-ваучер” олгосон билээ.
“Хоол хүнсний хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй байдaл нь хүний үндсэн эрх бөгөөд бид түүнийг хамгаалахын тулд хамтран ажиллах хэрэгтэй.Хамтын ажиллагааны арга замаар л бид сайн сайхныг бүтээж чадна ”хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа хэлэв.
Энэхүү и-ваучерт суурилсан тусламж нь Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй анхны тусламжийн хөтөлбөр юм. Хөтөлбөр нь Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөлөлд өртсөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд өөрсдийн хэрэгцээнд суурилсан, уян хатан сонголтыг олгосон. Түүнчлэн энэхүү и-ваучер нь иргэдийн хэрэгцээг хангахаас гадна бусад зардлаа хэмнэж болохыг харуулж байна.
И-ваучер дээр суурилсан хөтөлбөр нь олон давуу талуудтай байлаа. Үүнд: цахим системийг ашигласан нь аюулгүй байдлыг хангаж, хүмүүс хоорондоо биечлэн харьцах шаардлагагүй болсон. Мөн “и-ваучер” нь гар утас руу мессеж хэлбэрээр илгээгддэг тул байгаль орчинд ээлтэй бөгөөд иргэдэд сонголт хийх эрх чөлөөг олгож, худалдан авалтын өмнө ба дараах хяналтыг хялбаршуулсан ба төслийн багийн үйл ажиллагааг бодитоор дэмжиж, цаг хугацааг хэмнэх боломжийг олгожээ.
Ч.Ундрахбаяр “Хүмүүсээс талархлаа илэрхийлсэн олон мессеж ирсэн. Энэ тусламж яг цагаа олж хэрэгжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих шаардлагатай маш олон хэрэгцээ байдаг. Жишээлбэл, катетерээс авахуулаад эм тариа, гэр ахуйн хэрэгсэл гээд маш олон зүйлс хэрэгцээтэй байдаг. Энэхүү тусламж нь тэдэнд хувийн хэрэгцээнд үндэслэн сонголт хийх боломжийг олгосон юм.”
Ковид-19 цар тахлын улмаас амьдралаа залгуулахад бэрх болсон оюутнууд энэхүү тусламжид мөн хамрагдсан. Эдгээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын ихэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод сурч боловсорч, туршлага хуримтлуулахаар ирсэн байдаг. Хот хоорондын зорчих замыг хааснаар эдгээр оюутан залуус хүнд нөхцөлд орсон билээ.
“Би 24 настай, түрээсийн байранд амьдардаг. Би одоогоор гагнуурчны чиглэлээр сурч байгаа боловч цахимаар хичээлээ сурахад хэцүү байгаа. Танхимын семинар, сургалт нь илүү үр дүнтэй байдаг. Мөн цар тахлын улмаас би ажилгүй болсон. Би маш их цаг алдаж, санхүүгийн байдал маань хүнд байна " хэмээн МСҮТ-ийн оюутан Ү.Алтантулга хэлэв.
Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн олон оюутан нийслэл Улаанбаатар хотод гацаж, дотуур байранд болон түрээсийн байрны хажуу өрөөнд амьдарч байна.
"Би МСҮТ-ийн оёдлын ангид сурдаг. Цар тахлын улмаас интернэтгүй байх үеүүд олон байдаг тул хичээлээ сурахад хэцүү болсон. Би эмээтэйгээ амьдардаг ба манай гэр бүлд хөдөлмөр эрхлэх боломжтой хүн байдаггүй учраас амьдралын түвшин буурч байна" хэмээн 16 настай сурагч А.Сарангэрэл ярив.
“ПИН, Герман улсын ард түмэн, ХБНГУ-ын Элчин Сайдын яаманд дотуур байрны оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хоол хүнсний болон үндсэн хэрэгцээт зүйлсийг худалдан авах и-ваучерын тусламж үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тодорхойгүй байдал үүссэн энэ цаг үед бидэнд өгөөмөр сэтгэл, дэмжлэг туслалцаа үзүүлж, сэтгэлийн дэм өгч байна" хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.
Ирж буй өдрүүдэд ПИН нь энэ хөтөлбөрийн хоёрдугаар үе шат дээр ажиллаж, олон нийтийн удирдагчидтай нягт хамтран и-ваучераар тусламж хүргэх ба энэхүү хүнд хэцүү цаг үеийг даван туулахаар тэмцэж буй айл өрхүүдийг дэмжиж ажиллах болно.
Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ийн тухай: Чех улсад төвтэй ОУТББ бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэнээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ПИН нь хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн албан ёсны Суурин Төлөөлөгчийн Газраар дамжуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Пипл Ин Нийд ОУТББ-ын Хамтын ажиллагааны менежер М. Номинтой холбогдоно уу. nomin.munkhjargal@peopleinneed.cz