Европын Холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл Эрдэнэт хотод нээлтээ хийж байна.
Нийтэлсэн 2023 оны 3-р сарын 21 Унших цаг 2 минутЕвропын Холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл Эрдэнэт хотод нээлтээ хийж байна.
Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн хүрээнд 2.2 сая еврогийн санхүүжилттэй, дөрвөн жил хэрэгжих “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ус, ундааны салбарын ЖДҮ, борлуулагч нарыг салбартаа тогтсон хэв загвараа илүү ногоон болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, ногоон баталгаажуулалт, эко шошгожуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь туслах юм. Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитэй нийцүүлэн хүнсний салбарт Европын Холбооны Свич Эйшиа хөтөлбөрөөс анх удаа хэрэгжүүлж буй төсөл юм.
2023 оны 3 дугаар сарын 21-нд зохион байгуулагдаж буй танилцуулах уулзалтад уг төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олноос гадна Орхон аймгийн удирдлагууд, ХХААГ-ын мэргэжилтэнгүүд, Жаргалант сумын ЗДТГ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл бүхий 50 орчим хүн оролцож байна.
“Манай байгууллага, хүрээлэн буй орчинд ээлтэй өсөлт дэвшил, ногоон хөгжил, тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэгийн нэг нь “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлсэнээр хүнс, ус ундааны салбарын БЖДҮ, худалдаа эрхлэгчид болон эцсийн хэрэглэгчид байгаль орчинд илүү ээлтэй хандлага, зан дадалтай болж өөрчлөгдөх бөгөөд ингэснээр Монгол улсын цаашдын ногоон хөгжилд хувь нэмэр болох юм” гэж “Пипл ин Нийд” ТББ-ын суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг уг арга хэмжээний үеэр хэллээ.
“Энэ төслийн хэрэгжүүлэх хугацаанд хүнс, ус, ундааны салбарын ЖДҮ, борлуулагч нарыг салбартаа тогтсон хэв загвараа илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, эко шошгожуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь туслах юм” гэж ТОС Холбооны гүйцэтгэх захирал Э. Номиндарь хэлэв.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн хүнс, ус, ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1500 жижиг дунд бизнес эрхлэгчид, 30 бизнесийн холбоод (БХ), 750 жижиглэн худалдаа эрхлэгчдийг зах зээлд суурилсан ногоон баталгаажуулалт, эко шошгожуулалтын сайн туршлагыг дадуулан тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Свич Эйшиа Хөтөлбөрийн тухайд:
Европын Холбооны Свич Эйшиа Хөтөлбөр нь Европын Холбооноос Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны стратегидаа 2007 оноос тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хөтөлбөрийг (SCP) дэмжих зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн. 2023 оны байдлаар уг хөтөлбөрт Ази, Ойрхи Дорнод, Номхон далайн
бүсийн хөгжиж буй эдийн засагтай, буурай хөгжилтэй ихээхэн хэмжээний хүлэмжийн хийг (CO2) ялгаруулдаг 41 улс хамрагдсан байна.
Тус байгууллагын эрхэм зорилго нь Ази, Ойрхи Дорнод, Номхон далайн бүс нутагт тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг дэмжихийн зэрэгцээ эдгээр бүс нутаг болон Европын улс орнуудын нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу www.switch-asia.eu