Монгол кино НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурлын үеэр гарлаа

Нийтэлсэн 2021 оны 11-р сарын 17 Унших цаг 2 минут

“Өөрчлөгдөж буй тэнгэр”

Монгол кино НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурлын үеэр гарлаа
© Foto: Asher Svidensky

Айшолпан

Монголын бүргэдчин охин Айшолпаны нэр хүнд ичимхий хэрнээ эрэлхэг зоригт улаа бутарсан хацартай охины дүрээр анх алдаршиж эхэлсэн билээ.

Түүний гайхалтай зургууд болон амьдралынх нь тухай өгүүлэх “Бүргэдчин охин” хэмээх бүрэн хэмжээний кино дэлхий нийтийг байлдан дагуулсан юм. Тэр цагаас хойш олон мянган хүн бүргэдийн баярт оролцож, Монголын баруун хязгаар нутгийн сэтгэл татам сайхан байгалийг өөрсдийн нүдээр үзэхээр Айшолпаны төрсөн нутаг Баян-Өлгий аймгийг зорьсоор байна

Олон үе дамжин хүндлэгдэж ирсэн казах бүргэдчидийн удам Айшолпан охиныг хүүхэд байхад нь түүний өвөө хүрээлэн буй орчин, эх дэлхийгээ хайрлах нь ямар чухал болохыг үргэлж сануулан захидаг байжээ.

Нүүдэлчин болон бүргэдчин ард түмний амьдрал бүхэлдээ байгаль эх дэлхийтэй гүн холбоотой байдаг.

Алтайн нуруунд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн зуны улирал богиносож, өвлийн улирал илүү хахир хүйтэн болж байна.

Үүний улмаас маш олон зэрлэг амьтдын амьдрах орчин экосистэмд өөрчлөлт орж тэр дундаа сүр жавхлант цармын бүргэдийн амьдрал аюулд ороод байгаа билээ.

Айшолпан болон бусад уламжлалт казах бүргэдчид энэхүү уур амьсгалын өөрчлөлт олон зууны туршид хүн болон бүргэдийн холбоог хадгалсаар ирсэн тэдний эртний соёлыг устгахад хүргэж магадгүй хэмээн эмээж байна.

Александр

Александр 30 гаруй жилийн турш нэгэн жижиг уурын зууханд галчаар ажиллаж байна. Гэр бүл, хамаатан садангүй тэрээр уурын зуухандаа амьдардаг. Монгол Улсын Засгийн Газраас уурын зуухны хэрэглээг хориглож эхлээд удаагүй байгаа. Одоо тэтгэвэрт гарах насандаа ямар ч орлогогүй, орон гэргүй болох Александр өөрийн тэтгэврийн багахан орлогодоо найдах болжээ.

Уурын зуухуудыг зогсоох нь агаарын бохирдлын эсрэг тэмцэлд зөв алхам болох нь гарцаагүй ч нөгөө талдаа Александр шиг олон мянган хүнийг ажил, амьдралгүй болгох эрсдэлийг бий болгож байгаа юм.

Ногоон, тогтвортой эдийн засагт шилжих нь нэн чухал хэдий ч бидний дэвшүүлэн хэрэгжүүлж буй бодлого нь хүн бүрт хөгжих орон зайг олгох ёстой.

Төгөлдөр

Төгөлдөр нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн. Тэрээр бусад хүүхдүүдийн нэгэн адил гадаа тоглож, найз нөхөдтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо өнжиж, сургуульдаа өдөр бүр алхаж явдаг.

Төгөлдөр 15 настайдаа уушгины үрэвслийн улмаас бронхит буюу гуурсан хоолойн үрэвсэлтэй гэж оношлогдсон.

"Эмчээсээ энэ мэдээг сонсоод би маш их цочирдсон. Хүүхэд байхдаа бид агаарын бохирдол, үүнтэй холбоотой өвчин эмгэгийг зөвхөн өндөр настай хүмүүст л тохиолддог зүйл гэж боддог байсан. Энэ нь над шиг хүүхдэд нөлөөлнө гэж би мэдээгүй" гэж Төгөлдөр дурсав.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь өдөр бүр хорт агаараар амьсгалдаг. Төгөлдөр шиг хүүхэд залуучууд амьсгалын замын хүнд хэлбэрийн халдварт өртөмтгий байдаг. Эдгээр хүнд хэлбэрийн халдварууд нь насан туршийн эрүүл мэндийн асуудлуудыг бий болгодог. НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаагаар Улаанбаатар хотын төвд амьдардаг хүүхдүүдийн уушгины багтаамж нь хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар багассан байна.




Author: М.Номин, "People In Need" ТББ-ын Харилцаа холбооны менежер